Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнд өгөх “шипи”
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусахад ганцхан хоног үлдээд байна. Сонгуулийн эерэг сөрөг сурталчилгаанд булагдсан иргэд гурван нэр дэвшигчээс гагцхүү мэтгэлцээнийг хүсч эхэллээ. МҮОНТ-ээр шууд дамжуулагдах мэтгэлцээн энэ сарын 7-ны өдөр товлогдсон.
Гэвч ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын КОВИД 19-ын шинжилгээ эерэг гарснаар тусгаарлагдлаа. Улмаар мэтгэлцээн болох уу? үгүй юу гэдэг асуулт сошиалд хөвөрч байна. Ямартай мэтгэлцээн болсон ч бай болоогүй ч бай иргэдийн сонгуулийн боловсролд зориулж энэ мэтгэлцээнээс сонгогчид юу хүлээх ёстой вэ? Нэр дэвшигчид юун дээр анхаарвал зохилтой бол? Энэ талаар гадаад эх сурвалжаас авсан мэдээлэл дээр тулгуурлан цөөн хэдэн “шипи” өгье.
- Телевизийн мэтгэлцээн гэж юу вэ?
Энэ бол аль нэг албан тушаалд горилж байгаа хоёр болон түүнээс дээш нэр дэвшигчдийн уулзалт мэтгэлцээнийг шууд эфирээр дамжуулах явц юм. Мэдээж, мэтгэлцээний үеэр оролцогчдод улс төр, нийгэм, эдийн засгийн сэдвээр өдөөн хатгасан, хурц асуултуудыг тавьдаг. Энэ хэрээрээ ч телевизийн мэтгэлцээн олон нийтийн санаа бодолд нөлөөлөх хүчтэй зэвсэг болдог байна. Өмнө нь сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаагүй, хэнийг сонгохоо мэдэхгүй эргэлзэж байсан сонгогч гагцхүү мэтгэлцээний дараа сонголтоо тодорхойлдгийг дэлхийн жишгээс харж болно.
“Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны теле мэтгэлцээн 1960 оны есдүгээр сарын 26-ны өдөр АНУ-д болж байлаа. Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Ричард Никсон болон Ардчилсан намаас нэр дэвшигч Жон Кеннеди нарын дунд болсон энэ мэтгэлцээнийг телевизээр 66 сая хүн үзсэн байдаг. Энэхүү түүхэн үйл явдал нь дэлхийн телевизийн сэтгүүлзүй болон АНУ-ын нийгэм улс төрийн амьдралд шинэ хуудас нээсэн гэж судлаачид үздэг юм"
- Мэтгэлцэгчдийн талаар төрөл бүрийн сэтгэгдэл төрүүлэх техник аргууд
Аливаа нэг хүнийг байгаагаар нь эсвэл өөр нэг байдлаар хүлээн авахад “фон” хэрэгтэй. Энэ фоны үүргийг өөр нэгэн , эрс тэс этгээд бий болгож болно. “Энхийн цагаан тагтаа” –ны эсрэг хар хэрээ... Улс төрийн сөргөлдөгчид олны өмнө тэмцэлдэх нь иргэдийг төөрөгдөлд оруулж, улс төрийн гол асуудлуудаас анхаарлыг нь сарниулдаг. Мөн “чөлөөтэй, шударга мэтгэлцээн” гэсэн нэрийн дор аль нэгнийг сайнаар, нөгөөг харлуулах зорилгыг хэрэгжүүлэхэд телевизийн мэтгэлцээн хамгийн тохиромжтой хэрэгсэл гэж сэтгэл судлаачид үздэг юм. Тиймдээ ч зарим оронд телевизийн мэтгэлцээнийг тодорхой нэг улс төрийн хүчнийг дэмжих төсөл болгон хэрэгжүүлэх нь цөөнгүй. Яг ийм зорилготойгоор сэтгүүлчид тусгай техникийн аргууд болон сэтгэлзүйн аргуудыг ашигладаг байна. Үүний тод жишээ нь дээр өгүүлсэн, анхны телевизийн мэтгэлцээн юм.
- Сэтгэлзүйн занга
Техникийн аргуудаас гадна сэтгэлзүйн олон занга бий. Эдгээр нь хөтлөгч мэтгэлцээний аль нэг оролцогчийн талд “тоглох” боломж өгдөг.
1. Гэнэтийн асуулт. Телевизээс дэмжиж буй улс төрчид урьдчилан бэлдсэн асуултуудыг өгөх бол бусдад нь асуултууд гэнэтийн байна. Нэгэнт асуултаа мэдчихсэн оролцогч үзэгчдийн нүдэнд эмх цэгцтэй, ухаалаг, буурь суурьтай, улс орон, ард түмний төлөө зогсож чадах нэгэн мэт харагдана.
2. Асуултуудыг ангилах. “Өөрийн талд” эерэг асуултуудыг, харин өдөөн хатгасан асуултуудыг бусдад тавина.
3. Тэнцвэрт байдлаас бүдүүлгээр гаргах. Телевизийн “халз тулаан”-ы сэтгэлзүйн байдал мэтгэлцээний явц болон үр дүнд шууд нөлөөлдөг. Өрсөлдөгчийнхөө санааг зовоож, дургүйцлийг нь төрүүлж эсвэл бухимдуулж чадвал энэ башир занганд орсон өрсөлдөгч мэтгэлцэх биш маргах нь их байж, зарим тохиолдолд сэтгэх чадвар нь эрс мууддаг. Ийм занга тавих хэд хэдэн арга бий.
4. Үг хэлэх дараалал. Мэтгэлцээнд оролцогчид хөтлөгчийн асуултанд ээлж дараалан хариулдаг. Ойлгомжтой хэрэг, зэрэг шаагилдалтай биш. Гэхдээ энд нэг “но” бий. “Өөрийн талын” улс төрч үргэлж хамгийн сүүлд ярих боломжтой болдог. Ийм нөхцлийг бүрдүүлэхийн тулд тун аятайхнаар тайлбар хийнэ. “Шударга байх үүднээс нар зөв тойроод хариулаад явцгаая” гэх мэт. Ингэхдээ дэмжих оролцогчийнхоо байршлыг урьдчилан төлөвлөх нь гарцаагүй.
- Мэтгэлцээнд оролцогчдод өгөх “шипи”
Мэдээж, мэтгэлцээнд оролцогчид өрсөлдөгчөө давж, тэднийг “буланд шахах”-ын тулд төрөл бүрийн аргууд, уран илтгэх чадвараа ашиглана. Энэ талаар зааварласан олон сурах бичиг, гарын авлага байдаг шүү дээ. Харин олон нийтийн хэлэлцүүлэгт ялахад чухал ач холбогдол бүхий хэд хэдэн нөхцлийг сэтгэл судлаачид нэрлэснийг энд сонирхуулая.
1. Эгэл яриа. Хэт цэцэн үг урсгаад хэрэггүй. Үзэгчдэд ойлгомжтой энгийн байдлаар ярих нь үр дүнтэй байдаг гэнэ. Мөн урт үг хэрэглэхээс зайлсхийх, арван үгэнд нэгээс илүүгүй урт үг хэрэглэвэл зохилтой байдаг аж.
2. Эмх цэгцгүй яриа. “Ер нь бол, сонгууль бол, мэтгэлцээн гэдэг зүйл, хэлэхийг хүсмээр байгаа юм” гэх мэтчлэн чихэнд чийртэй, сул үгсийг улс төрчийн амнаас бид байнга шахуу сонсдог. Тэгвэл мэтгэлцээний үеэр ийн сул үгсээ хайр найргүй цацаж, “модон орчуулга”-аас үүдэлтэй ярианы хэв маяг гаргах нь тухайн оролцогчийг боловсрол нимгэн, толгой хоосон нэгэн болгож харагдуулна. Тиймдээ ч олон орны имижмейкэрүүд улс төрчдийг итгэлтэй ярих, сул үгс, шаардлагагүй тэмдэг нэр хэрэглэхгүй, цэгцтэй, даацтай ярихыг сургадаг.
3. Итгэл үнэмшил төрүүлэх. Телевизийн мэтгэлцээний үеэр улс төрчид статистик тоо баримт, шүүхийн тогтоол гэх мэт цаасан баримт дэлгэн, түүн дээрээ тайлбарлан, ярих дуртай байдаг. Энэ мөн л шалгарсан арга. Дэлгэн харуулж буй баримтууд нв мэтгэлцээнтэй ямар ч хамаагүй байж болно. Энэ нь нэг их чухал биш. Харин үзэгчдийн хувьд “албан ёсны баримт” харуулж байгаа нь бүх зүйл баримт, нотлогоотой гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг байна. Ингээд л мэтгэлцээний үеэр цаас барин “савчсан” нэгэн баримттай, ул суурьтай, тулхтай улс төрч гэж харагдах боломж хэд дахин өсдөг гэнэ лээ.
М.ЭРМҮҮН
Сэтгэгдэл үлдээх