Цэс Close

Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өглөө.

Монгол Ардын намын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэлээ.

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, УИХ-ын сонгуульд олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан. Ерөнхий сайдыг томилсны дараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу  Засгийн газрын бүтцэд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэж  заажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах