Цэс Close

Ерөнхий сайдын эхлүүлсэн тэмцэл шүүх дээр шийдлээ хүлээж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын эсрэг энэ тэмцлээ ковид гээд нэг жил намдмал байлгасан. Би эхлүүлсэн тэмцлээ ямар ч үнээр хамаагүй дуусгана. МАНАН-г ч дарна. 60 тэрбумын хэргийг ч шалгана. Та нар бяр чинь хүрвэл намайг кнопдоод унагаарай. Чадахгүй бол шархдуулах хэрэггүй. Ер нь тэгээд дэг журам дээрээсээ тогтох ёстой шүү” хэмээн хэлж байсан удаатай. Түүнчлэн тэрбээр “Ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авна” гээд байсан нь янз бүрийн хэлбэрээр баталгаажиж буй.

Авлигын эсрэг, шударга ёсны төлөөх “үг”-нүүдийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн болоод л ярьж эхэлсэн. Түүнээс хойш ийм агуулга, санааг байнга ярьж ирсэн. Тэрбээр авлигын эсрэг, шударга ёсны төлөөх тэмцлээ өнөөдөр ч ярьсаар л байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэргийг тэр олон нийтэд ил болгосон. 2022 оны сүүлчээр Эрүүгийн хуульд хэд хэдэн өөрчлөлтийг оруулж, авлига албан тушаалын хэрэгтнүүд ял завшдаг байдлыг халсан гээд яривал цааш бичих зүйл их бий.

Ерөнхийдөө 30 жилийн бугшсан тогтолцоог Л.Оюун-Эрдэнэ дэлбэлчихсэн. Одоо харин энэ ажиллагаа үр дүнд хүрэх үү гэдэг дээр л олон нийт фокуслаад байгаа хэрэг. Голдуу улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, том бизнесмэнүүд холбогдсон хэргүүдийг хууль шүүхийнхэн эцэслэн шийдэх үү. Энэ л эргэлзээтэй. Далд бугшсан олон хэргийг ил болгож дэлгэж тавьчихаад байхад шүүх хөдөлж байна уу гэх иргэдийн асуулт ихэссэн. Шүүхийн үйл ажиллагаа гэдэг процесстой нарийн ажил. Гэлээ гэхдээ дуугарахгүй бас байж болохооргүй л байна. Том эрх ашиг буюу улсаа бодвол Хөгжлийн банк, нүүрсний хулгайг гаргаж ирэх, газрын авилгыг таслан зогсоох, цаашлаад буруутай этгээдүүдийг шийтгэх нь Монгол Улсын, монголчуудын эрх ашиг мөн үү гэвэл мөн.

Хүмүүс ярьдаг даа, дээдсүүдийн хэрэг шийдэгдэхгүй байхад захын нэг карманы хулгайч хэдэн жилийн ял аваад суучихлаа гэж. Эцэстээ энэ хууль чинь жирийн ард иргэддээ ёсчлон үйлчлээд дээр сууж байгаа хэдэн нөхдүүдэд хөдөлж өгдөггүйд л иргэд бухимдаад байгаа хэрэг. Манайд заншил болсон гэлтэй нэг зүйл байна, улстөрчдийн, улстөрд нөлөө бүхий хүмүүсийн хэрэг огт шийдэгддэггүй. Шалгаад л байдаг, шүүх хурал нь хойшлоод л байдаг. Бүхэл бүтэн Засгийн тэргүүн нь “май” гээд бэлэн хоол гаргаад өгч байхад түүн дээр шүүх ажиллаж чадахгүй байна уу, эсвэл санаатай удаашруулаад байна уу гэх хардлага эрхгүй төрж байна. Ер нь Л.Оюун-Эрдэнийн тэмцлийн үр дүнгийн эцсийн зогсоол шүүх. Өнөөдөр ил болсон олон хэрэг шийдлээ хүлээсээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Томоохон хэргүүд шүүх дээр гацаад байдаг” гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байдаг. Үүнийгээ олон удаа илэрхийлж байсан. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга байхдаа, Ерөнхий сайд болоод ч хэлсээр байгаа юм. Сүүлд “Шүүх, хууль хяналтын байгууллагад нөлөөллөө тогтоосон бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэхээ илэрхийлье” гэж байв.

Шүүхийн тухайд шинэ хуулиараа анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийг харьцангуй бие даасан байхаар шийдсэн. Тиймээс шүүгч нь шүүгчдээ нөлөөлөхгүй байх магадлал өндөр. Харин улс төрийн нөлөөлөл орохгүй гэх баталгаа байгаа эсэхийг практик дээр харж амжаагүй байгаа гэж иргэд шүүмжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах