Цэс Close

Х.Нямбаатар: Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумыг Улаанбаатар хотын замыг засахад зарцуулна

Засгийн газраас өнөөдрийн хурлаар Гадаад, дотоодын бондын талаар хэлэлцсэн талаар Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр, Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хороололд 190.000 орчим айл инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй амьдарч буй. Гэр хорооллыг орон сууцжуулъя гэвэл газар хот өөрөө оролцож газар чөлөөлөлт хийх, чөлөөлсөн газар дээрээ төлөвлөлт, дэд бүтцийг хийж, орон сууц барина. Орон сууцжуулсан хороолол айл өрхийг нүүлгэн шилжүүлж, дараагийн газрыг чөлөөлөх байдлаар ажиллах төлөвлөгөө гарсан.

УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, нийслэл хот гадаад, дотоод бонд гаргах эрхээ авсан юм. Энэ хүрээнд Сэлбэ дэд төвд газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. 2.350 айл газраа чөлөөлөхөөс 1.500 орчим айлтай уулзалт хийхэд 50 айл татгалзсан. Ирэх долоо хоногт эхний 400 айлтай үнэлгээний тохиролцоог хийж, мөнгийг шилжүүлж, нүүлгэнэ. Арав хоногт 400 айлтай зөвшилцөх юм. Газар чөлөөлөхөд албадлага, хүч хэрэглэхгүй. Азийн Хөгжлийн Банкны хөрөнгийг орлуулах аргыг хэрэглэж байгаа учраа айлууд таатай хүлээж авч байна.

2.350 айл Дархан хотын гэр хорооллыг хоёр дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээнийх. Зургаадугаар сарын 1-нээс өмнө газрыг чөлөөлөх юм. Уг чөлөөлөгдсөн 160 га газар дээр 12.000 айлын орон сууц барих зураг төслийн ажил дуусна. Үүний дараа барилга барих тендер зарлагдана.

Орон сууцыг барих санхүүжилтийг таван жилийн хугацаатай гадаад бонд гаргах байдлаар шийдэх саналыг Засгийн газарт танилцууллаа. Ерөнхий сайдын зүгээс Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, гадаад бонд гаргах зөвшөөрөл авах асуудлыг оруулж ирэх чиглэл өгсөн.

ТЭЗҮ тавдугаар сарын 1-н гэхэд дуусахаар Засгийн газарт танилцуулна.

Дотоод бондыг сайн судалсны дараа танилцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. 500 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргаж, 300 тэрбумыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгох байдлаар, 150 тэрбумыг Улаанбаатар хотын замыг засахад зарцуулна. Үлдсэн 50 тэрбум төгрөгөөр Туул-1 коллекторыг санхүүжүүлнэ. Ингэснээр шинэ цэвэрлэх байгууламж руу очих шугамаа барьж дуусгана. Шинэ цэвэрлэх байгууламжид очих шугамаа барьж дуусаагүй байгаа юм.

10 орчим тэрбум төгрөгөөр дулааны 11-Г, Д шугамыг угсрах ажлыг дуусгана гэж танилцууллаа. Уг шугамын төгсгөл Саппород, холбох цэг нь Өгөөжийн уулзварт ирсэн. Дулааны шугамыг угсарчихвал Бага тойруу доторх дулаан хангамж нэмэгдэнэ гэж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Дотоод бондын эргэн төлөлтийн хувьд хүндрэлгүй.

Тээврийн хэрэгслийн зам ашигласны төлбөрөөс жилд 77 тэрбум төгрөг Замын Хөгжлийн Санд төвлөрдөг юм. 2025, 2026 онд хийгдэх ажлаа энэ онд хийчихвэл эргэн төлөлт нь замын сангаас төлөгдөх боломжтой" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах