Ерөнхий шүүгч Олон Улсын Эрүүгийн шүүхийн семинарт оролцов
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч П.Хофманскийн урилгаар Нидерланд улсын Гааг хотноо Ромын дүрэмд оролцогч талуудын Шүүгч нарын семинар, Шүүхийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн багтсан байна.
Олон улсын эрүүгийн эрх зүйн систем дэх үндэсний шүүхийн үүрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан семинар хүн төрөлхтний эсрэг, дайны, түрэмгийллийн, төрлөөр устгах гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд шүүх байгууллагын үүрэг, нотлох баримт, гэрчийг хамгаалах, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тайлбар зэрэг нийтлэг тулгардаг асуудал, шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярилцжээ.
Ерөнхий шүүгч тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч П.Хофмански, Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Карим Кан, НҮБ-ын Олон Улсын шүүхийн Ерөнхийлөгч Жоан Донахью нартай тус тус уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэдний зүгээс хэрэгжүүлж буй сургалт, дадлагажуулах хөтөлбөр зэрэгт Монгол Улсын шүүхийн ажилтнуудыг хамруулах боломжийн талаар санал солилцон, харилцан идэвхтэй ажиллахаар тохиролцсон байна.
Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч П.Хофмански Улаанбаатар хотноо энэ онд зохион байгуулах Олон Улсын Эрүүгийн шүүхийн гишүүн орнуудын бүс нутгийн өндөр түвшний семинарт биечлэн оролцохоор төлөвлөж буйгаа илэрхийллээ.
Ерөнхий шүүгч Д.Ганзориг манай улс Олон Улсын Эрүүгийн шүүхийг байгуулах үйлсэд идэвхийлэн оролцсон анхны гишүүн орнуудын нэг болохыг онцлоод шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсад хэрэгжүүлж байгаа эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан байна. Мөн Олон Улсын Эрүүгийн шүүхийн бүс нутгийн өндөр түвшний семинарыг эх орондоо амжилттай зохион байгуулах итгэл дүүрэн байгааг, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийг сонгох 2023 оны сонгуульд шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар танилцуулжээ.
Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Карим Кан манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа Монгол Улс дэлхийн түүх, хууль, эрх зүйн салбарт мөрөө тодоор үлдээснийг дурдаад эдүгээ Азийн бүс дэх чухал түнш орны хувьд хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг эрэлхийлж ажиллаж байгааг онцолжээ. Олон Улсын Эрүүгийн шүүхэд хөгжиж буй орнуудын идэвхтэй оролцоог хангах нь эрхэм зорилтын нэг болохыг тэмдэглээд тус шүүхийн шүүгчийн сонгуулийн ажилд Монгол Улс онцгой ач холбогдол өгч, идэвхтэй ажиллахыг зөвлөлөө. Мөн хөгжиж буй орнуудын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын шүүхийн ажилтныг нэр дэвшүүлэхийг санал болгож, уг хөтөлбөрт хамрагдсанаар олон улсын халуун цэгүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай танилцах, туршлага судлах боломж байгаа гэв.
Ерөнхий шүүгч Д.Ганзориг гэрээт ажилтан ажиллуулах хамтын ажиллагааны гарцыг ашиглаж, холбогдох мэдээллийг ойрын хугацаанд хүргүүлэхээр тохирлоо.
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Олон Улсын шүүхийн Ерөнхийлөгч Жоан Донахьютэй уулзаж, тус шүүхийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Ерөнхийлөгч Ж.Донахью НҮБ-ын Олон Улсын шүүхийн талаар танилцуулж, залуу эрх зүйчдийг дадлагажуулах хөтөлбөрт хамрагдан, тус шүүхийн шүүгчийн туслахаар ажиллангаа өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцох боломж байдгийг дурдлаа.
Ерөнхий шүүгч Д.Ганзориг хоёр талын хамтын ажиллагааны асуудал, тухайлбал, олон улсын эрх зүйн чиглэлээр Монголын шүүхийн хүний нөөцийг бэхжүүлэх, туршлага судлах, Олон Улсын шүүхийн үүрэг, хариуцлагын талаарх ойлголтыг нийтэд түгээх арга хэлбэр, мэргэжлийн оролцогчдоос бүрдсэн семинар, арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөн ярилцжээ.
Дээрх айлчлалыг зохион байгуулахад Монгол Улсаас Бельгийн Хаант улсад суугаа Элчин сайд Л.Болд болон Элчин сайдын яамны ажилтнууд өндөр ач холбогдол өгч оролцсон бөгөөд айлчлалын мөрөөр хийж хэрэгжүүлэх ажилд цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх