Жуулчдын хөл тасраагүй зун дахин ирнэ
-“Мазаалай” цас, мөсний наадам Гиннесийн амжилт тогтоов-
Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв соёлоо сурталчлах зорилгоор олон ажил хийж буй. Үүний нэг нь “Мазаалай” цас, мөсний олон улсын наадам юм. Уг наадмын нээлтийн арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймагт боллоо. Энэ үеэр Монгол Улс Гиннесийн дээд амжилт тогтоов. 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар нэг цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ. Гэвч шүүмжилж, муулахын дон туссан монголчууд бид өөрсдөө энэ амжилтаа шүүмжилж, шоолж сууна. Гиннесийн амжилт гэдэг бол ингэж хандах асуудал огт биш.
Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс нар Монголд ирээд энэхүү амжилтыг шүүж баталгаажуулан, Гиннесийн дээд амжилт тогтоосныг нь батламжилсан. Хамгийн багаар бодвол энэ Монгол Улсыг дэлхийд сурталчилсан үйл явдал. Энэ амжилтаас гадна жуулчдын сонирхлыг татах олон амжилтыг манай улс эзэмшиж буй. Нэгэн зэрэг 3000 морь уралдуулж, 6002 бөх барилдуулж Гиннесийн дээд амжилт тогтоосон Монголд ирж үзэхийг хүссэн жуулчин олон. Жуулчдын энэ хүслийг улам бадрааж аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас олон ажил хийж буй. Үүний үр дүнд Монголын аялал жуулчлал дэлхийн хүмүүсийн анхаарлыг татаад байна.
2023 он аялал жуулчлалын салбарт тэсрэлт үүсэж ирсэн жуулчдын тоо олсон орлогоороо дээд амжилт тогтоосон бол энэ онд үүнээс ч илүү амжилт олно гэсэн хүлээлттэй байгаа юм. Өнгөрсөн 2023 он Монгол Улсын гадаад харилцаа, аялал жуулчлалын салбар сэргэсэн жил байв. Ромын Пап Францис, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тэргүүтэй хүндтэй зочин олон ирсэн. Энэ хэрээр дэлхий нийтийн анхаарал Монгол руу чиглэсэн. Ялангуяа 1.3 тэрбум католик шашинтны тэргүүн анх удаа зочилсон нь Монгол Улсыг дэлхий дахинаа танилцуулсан үйл явдал болсон юм. Мөн БНСУ-ын урлаг соёлын одууд Монголоор аялаж нэвтрүүлэг, контент хийсэн нь том сурталчилгаа ч болсон. Түүнчлэн Засгийн газраас хөрөнгө гарган цахим нөлөөлөгчдийг урьж улсаа сурталчилуулсан. Энэ бүхний үр дүнд 2023 онд Монголд 644,899 жуулчин ирж, аялал жуулчлалын салбарын орлого нэг тэрбум ам.долларт хүрсэн юм. Гэхдээ энэ бол 2024 оны төсөөлөл, хүлээлттэй харьцуулахад бага үзүүлэлт гэдгийг аялал жуулчлалын салбарынхан онцолж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Саяхан Солонгосын авиа компанийн судалгаа гарсан. БНСУ-аас Монголд ирсэн жуулчдын тоо 2023 онд 40 хувиар өссөн. 2024 онд Солонгос жуулчдын тоо хамгийн багадаа хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгааны дүн гараад байна” гэсэн юм. “Мазаалай” цас, мөсний олон улсын наадам гэх мэтээр Монгол Улсын сурталчилгаа одоо ч үргэлжилсээр байна. Энэ бүх сурталчилгааны үр дүн 2024 онд гарч Монгол Улсын аялал жуулчлалын салбар рекорд тогтооно гэсэн хүлээлттэй байна. Олон улсын аяллын хөтөч компаниуд ч манай улсыг санал болгоод эхэлжээ. Дэлхийн аяллын томоохон хөтчийн нэг “Lonely Planet”-ийн мэргэжилтнүүд “Best in Travel-2024”-ийг зарласан. Ингэхдээ зочлоход хамгийн тохиромжтой 10 улсын тоонд Монголыг багтаажээ. Энэ бүхнээс үзвэл 2024 онд Монгол Улс жуулчдын хөлд дарагдах хүлээлттэй байна. Жуулчдыг татах зорилгоор Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлууд үр дүнгээ өгөөд эхэлсэн нь энэ бүгдээс харагдаж байна.
Б.НОМИН
Сэтгэгдэл үлдээх