Ж.Ариунболд: Шадар сайдын хүүхэд 27 мянган ам.долларыг 100 хувь төлсөн
Боловсролын зээлийн сангаас 2021-2022 оны хичээлийн жилд оюутны зээлийг хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ.
ШИНЭЭР ЗЭЭЛ АВАХ 6146 ОЮУТАН БАЙГАА БА ӨМНӨХ ЖУРМЫН ДАГУУ ХЭВИЙН ОЛГОНО
2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын 88 их дээд сургуульд 147 мянган оюутан суралцах бөгөөд "Боловсролын зээлийн сан"-гаас нийт оюутны 11 хувь нь зээл авдаг. Шинээр зээл авах 6146 оюутан байгаа ба өмнөх журмын дагуу хэвийн олгоно. Өмнөх 1500 гаруй оюутны тэтгэлэг ч хэвийн олгогдоно гэдгийг Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд мэдээллээ.
Тэрээр "Боловсролын зээлийн сантай холбоотой үндсэн мэдээллүүдийг та бүхэнд хүргэе. Эхнийх нь гадаад зээлтэй холбоотой. Боловсролын зээлийн сан нь 1997 оноос дэлхийн тэргүүлэх, шилдэг их, дээд сургуулиудад оюутнуудыг сургаж эхэлсэн. Тус үйл ажиллагаа 2020 он хүртэл үргэлжилсэн. Харин цаашид Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон өөрчлөгдөж байна.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр хэрэгжинэ. Монгол Улсын 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 171 хорооноос нийт 504 хүүхдийг сонгон шалгаруулж “Дэлхийн шилдэг их, дээд сургууль” болон “Гадаадын их, дээд сургууль”-д суралцах боломж олгоно.
БЗС-гаас жилд 40 хүүхдийг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцуулдаг байсан бол цаашид 500 гаруй хүүхдийг суралцуулахаар болсон. Мөн өмнө нь хүүхдүүд зээлээр суралцдаг байсан бол одоо тэтгэлгээр суралцах гэж байгаагаараа онцлогтой.
2021-2022 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлийг олгоно. Ингэхдээ их, дээд сургуулийн 2,3,4 дүгээр курст суралцаж байгаа, өмнө нь зээл авч байсан оюутнуудад үргэлжлүүлэн олгох юм. Цаашид тэргүүлэх чиглэлийн 72 мэргэжлээр суралцах оюутнуудад энэ зээлийг олгоно" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх