Ж.Болормаа: Дотоод хэргийн их сургууль нь дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг санал болгож байна
Дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн талаар ДХИС-ийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын бакалаврын хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ж.Болормаатай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дотоод хэргийн их сургууль нь сургалтын хэчнээн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг вэ?
-Дотоод хэргийн их сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тухайлбал, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагуудад 60 гаруй мянган мэргэжилтэн, албан хаагч, хүний нөөцийг бэлтгэж ирсэн.
Одоо Дотоод хэргийн их сургууль нь Удирдлагын академи, Ахисан түвшний боловсролын сургууль, Цагдаагийн сургууль буюу Дотоодын цэргийн 804 дүгээр анги, Хилийн албаны сургууль буюу Хилийн цэргийн 0345 дугаар анги, Онцгой байдлын сургууль буюу Гал түймэр унтраах аврах клиник сургалтын 083 дугаар анги, Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлах ухааны сургууль, Гадаад хэлний институт, Биеийн тамир, албаны бэлтгэлийн институт, харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль, Ахлах сургууль гэсэн бүрэлдэхүүн болон харьяа 12 сургууль, бусад албадын дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
-Дотоод хэргийн их сургуулиас хэрэгжүүлж буй дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн мэргэшүүлэх бакалаврын сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?
-ДХИС нь дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн сургалтын хөтөлбөрүүдийг 2017-2018 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөр сурталчлах өдөрлөг, уулзалтыг төрийн өмчийн их сургуулиудын төгсөх түвшний оюутнуудыг хамруулан зохион байгуулж, хөтөлбөрийнхөө танилцуулгыг хийхийн зэрэгцээ захиалагч 5 байгууллагын (ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ШШЕГ, ОБЕГ) алба хаагчид салбарын онцлог болон оюутан залууст хэрэгтэй, сонирхолтой мэдээллийг хүргэж ажилласан юм.
Өдөрлөгийн үеэр сургалтын хэрэглэгдэхүүнээ танилцуулах үзэсгэлэн гаргасан, Үзэсгэлэнгийн хүрээнд хөтөлбөр хариуцан хэрэгжүүлэгч ДХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд тус тусынхаа дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн бакалаврын хөтөлбөрөө танилцуулж, QR кодтой, зурагт хуудас бүхий танилцуулгыг 5000 гаруй оюутнуудад тарааж, сургалтад ашиглаж буй сургалтын хэрэглэгдэхүүнээ биетээр үзүүлж танилцуулахын зэрэгцээ захиалагч байгууллагууд салбарын онцлогоо сурталчлан таниулах зорилгоор тухайн байгууллагын алба, үйл ажиллагаанд ашиглаж буй хувцас, зэвсэг, техник хэрэгслээ танилцуулж, оюутан залуучуудын сонирхсон асуултад хариулт өгсөн. Оюутнууд сургалтын хэрэглэгдэхүүнийг маш их сонирхож байснаас гадна захиалагч байгууллагаас танилцуулсан аминд үл хүрэх зэвсэг, албанд ашиглагдаж буй техник хэрэгсэл, тодорхой төрлийн гэмт хэрэг илрүүлэхэд ашиглагддаг цүнхний иж бүрдлүүдийг ихээхэн сонирхож, тухайн хөтөлбөрт элсэхэд тавигдах шалгуур шаардлагыг лавлаж, асууж байсан.
Элсэлтийн үйл ажиллагааны мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн мэргэшүүлэх бакалаврын хөтөлбөрийг сонирхон элсэхийг хүссэн оюутнуудын товч мэдээллийг авч бүртгэсэн. Нийт 500 гаруй оюутан бүртгүүлсэн.
-500 гаруй оюутан бүртгүүлсэн гэхээр нэлээд эрэлт ихтэй хөтөлбөр байх нь ээ?
-Өдөрлөгийн үйл ажиллагааг тухай бүрд нь Дотоод хэргийн их сургуулийн албан ёсны цахим хуудсаар дамжуулж олон нийтэд хүргэсэн. Тус мэдээллийг 100 гаруй мянган хүн үзэж, хуваалцан сэтгэгдэл бичиж үлдээсэн байсан. Хөтөлбөр сурталчлах өдөрлөг зохион байгуулсан нь олон нийтэд сайн хүрч, дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн хөтөлбөрүүдийг сонирхсон, асууж лавласан иргэд, оюутнуудын утасны дуудлага үргэлжилсээр байна.
- Тус хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдэд тавигдах шаардлага бий юу?
-Хөтөлбөрийн хүрээнд иргэд нэгдүгээр дамжаандаа мэргэжлийн суурь 10-12 төрлийн, сонгон судлах 1-2 төрлийн нийт 36-38 багц цагийн хичээлийг хоёр улирал буюу 32 долоо хоногт үзэж судлаад 6 долоо хоногийн 3 багц цагийн дадлага хийнэ. Харин 2 дугаар дамжаандаа мэргэжлийн заавал судлах 12 төрлийн 36 багц цагийн хичээлийг судалж, найман долоо хоногийн 6 багц цагийн үйлдвэрлэлийн дадлагыг хийж, төгсөлтийн шалгалтыг амжилттай өгч төгссөнөөр захиалагч байгууллагын офицерын бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтой.
Мэдээж хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэг тавигдах нийтлэг шаардлага тавигдаж байгаа. Үүнд:
- Бакалаврын зэрэгтэй дипломын голч оноо 2.5-аас дээш байх. Мөн эрх зүй, эдийн засаг, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженерчлэл, хөдөө, аж ахуй, мал эмнэл зүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалах, боловсрол гэх мэт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл хөтөлбөрт элсэгч нь: нягтлан бодогч, менежер, инженер, хүний их эмч, орчуулагч, банкны менежмент, багш дасгалжуулагч зэрэг мэргэжлээр суралцсан байх шаардлагатай.
- Сэтгэцийн хувьд эрүүл, бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн хувьд илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй, бие бялдрын зөв хөгжилтэй шивээсгүй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй,
- 25 хүртлэх насны биеийн өндөр эрэгтэй 165 см, эмэгтэй 160 см-ээс багагүй,
- өмнө нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байгаагүй зэрэг шаардлагууд тавигдаж байгаа.
Үүнээс гадна ДХИС-д сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох бөгөөд энэ хугацаанд цолны цалин авах, суралцах хугацаанд нийгмийн даатгалыг төр бүрэн хариуцаж цэргийн алба хаасанд тооцох зэрэг давуу талуудтай. Энэхүү 2 жилийн хөтөлбөрт хамрагдаж төгссөн сонсогч бүр төрийн тусгай албанд томилогдож, захиалагч байгууллагад офицер бүрэлдэхүүнд орж зохих ажлын байраар хангагдаж тусгай мэргэжлийн мэдлэгийн хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой.
Мөн аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан захиалагч байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 5 жил тутамд тухайлбал, цагдаа блон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нэг удаа 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний, улсын хил дээр ажиллавал бүсчлэлээс хамаарч сар бүр 15-50 хувь хүртэлх цалингийн урамшуулал авна.
Суралцсан болон ажилласан хугацааг мөн захиалагч байгууллагын онцлогоос хамаарч тухайлбал, цагдаагийн байгууллагад ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, улсын хил дээр ажилласан 1 жил тутам 1.4 жилээр тус тус тооцдог зэрэг маш олон давуу талуудтай.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх