Засгийн газрын санаачилга хөгжлийн шинэ гарааг эхлүүлнэ
Ирэх 2024 оны сонгуулийг бүсчилсэн 13 тойргоор буюу орон нутагт 7, нийслэл Улаанбаатар хотод 6 гэсэн нийт 13 томсгосон тойргоор явуулахаар болж байна. Сонгуулийн бүсчилсэн тойрог нь Монгол Улсын хөгжлийн суурь реформыг хийх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин хэсэг нь гэж хэлж болно.
Өнгөрсөн оны тавдугаар сард баталсан ҮХНӨ нь хууль тогтоох байгууллагын засаглалыг бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, Монгол Улсын хөгжлийн суурь реформ хийхэд чиглэсэн хэд хэдэн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж өгсөн. Энэхүү өөрчлөлтөөр УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулахаар болсон байдаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилсан гол зорилго нь өнгөрсөн 30 жилийнхээ алдааг дүгнэж, ирэх 30 жилийг цоо шинээр эхлүүлэх суурь тогтолцооны реформыг хийх явдал байв. Бүсчилсэн тойргийн асуудал ч Ерөнхий сайдын санаа бөгөөд энэ нь цаашлаад бүсчилсэн хөгжлийг бий болгох явдал юм.
Манай улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталж, хөгжлийн бодлогодоо тусгаад багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч дийлэнх нь цаасан дээр л үлдсэн гэхэд хилсдэхгүй. Үе үеийн Засгийн газрууд уг асуудлыг хөндөж ирсэн ч тодорхой бодит бодлого болгон хэрэгжүүлж чадаагүй ирсэн. Энэ удаа зоригтой шийдвэр гаргасны үр дүн гэрэлтэй байх болов уу гэж найдаж байна.
онгол Улсын эдийн засгийн гол салбар нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар. Энэ салбарууд нь газар нутгаас шууд хамаардаг тул газраа бүсчилсэн тохиолдолд сая хөгжих боломж бүрдэнэ. УИХ-ын сонгуулийг бүсчилсэн 13 тойргоор явуулснаар Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг бүс нутгаар нь хийх, төсвийн хуваарилалтыг илүү сайжруулах, улс төрийн шийдвэрүүдийн үр дагавар сайжрах боломжтой болох юм. Ямартаа ч энэ Засгийн газар Монгол Улсын хөгжлийн шинэ үеийг тодорхойлох хөгжлийн шинэ гарааг эхлүүлж чадлаа.
Бид цаг ямагт тухайн цаг үеийнхээ Засгийн газрыг шүүмжилж ирсэн. Энэ Засгийн газарт ч шүүмжлэх юм олон байна. Гэвч том зургаар нь харах юм бол аахар шаахар өдөр тутмын асуудлаас илүү алсыг харсан шийдлүүд нь чухал учраас дэмжиж талархах зүйлс байна. Ер нь бид асуудалд арай ул суурьтай ханддаг болмоор байгаа юм. Өнөөдөр хэн нэгэн шүүмжлэл өрнүүлэхэд нарийн учрыг нь ололгүй баахан дарвиж, хөөрөөд гүйчихдэг. Монгол Улс яагаад хөгжихгүй байна гэж үргэлж шүүмжилж байх хэрнээ өөрөө нэмэр болох тухай боддоггүй. Эрх барьж буй нам сүүлийн найман жил засаглахад маш олон алдаа байсан. Түүнээс өмнө хамтарсан засаг ч байлаа, дангаар ч байлаа. Янз бүрээр л Засгийн газраа бүрдүүлж байсан ч дорвитой алхам хийсэн нь цөөхөн. Далайцтай бодлогын шинжтэй өөрчлөлтийг тэд хийсэнгүй. Алдаа нь улам нэмэгдсээр ирлээ. Зоригтой алхам хийхээр иргэд нь мөн хүлээж авахгүй, юуны ч бараа хараагүй байж л шүүмжлэхээ урдаа барьдаг. Өнгөрсөн он жилүүдэд хийсэн алдаа завхралуудаасаа салъя, ирээдүй холоо харж бодлоготой хөгжье гэхээр бас л дэмжихгүй.
Авлигачид түм бум байна гэлээ, авлигачидтай тэмцье гэхээр манай тал бага буруутай, бусад нь их буруутай гэнэ. Сонсгол явуулаад булхайг нь дэлгээд өгөхөөр Ерөнхий сайд эд нарыгаа шоронд хийсэнгүй гэнэ. Санаачлаад ил болгоод тэмцээд байна. Үлдсэнийг нь шүүх шийднэ. Яг үүн шиг бүсчилсэн хөгжлийг дэмжсэн бүсчилсэн тойргийн санал бол яалт ч үгүй алсыг харсан алхам.
Манай улс “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиа ч баталсан. Улс орны, бүс нутгийн хөгжлийн энэ газрын зургаа хэрэгжүүлэхийн тулд ҮХНӨ-ийг хийж, сонгуулийн тогтолцооны шинэчлэл болох УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилж томсгох гэх мэтээр шат дараатайгаар алсыг харсан тогтвортой хөгжих цогц бодлогыг энэ Засгийн газар санаачлан хэрэгжүүлэхээр болж байна.
Сэтгэгдэл үлдээх