Цэс Close

ЗГ: МУИС, ШУТИС, ХААИС-ийг Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговь аймаг руу нүүлгэнэ

Засгийн газраас их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулан гаргалаа.

Өнөөдөр Монгол Улсад 88 их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бол  нийт оюутны тавхан хувь нь хөдөө байгаа найман их, дээд сургууль суралцаж байгаа юм. Иймд их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд байгаа түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө бүс нутгийн хөгжилд нөлөөлөх асуудал. Өмнө нь Улаанбаатар хотод байгаа их, дээд сургуулиудын салбарыг аймгуудад байгуулах, нүүлгэх тогтоол гарч байсан ч бодитоор хэрэгжээгүй.

- Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх

- Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах

- Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгажээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Бид Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэр гарч байна. Ингэхдээ салбарыг биш төв сургуулиудыг байгуулах шийдвэр юм. Шинээр барилга барихгүй бөгөөд тухайн аймгуудад байгаа барилга байгууламж, дотуур байр, хичээлийн байруудыг ашиглаж өргөтгөл хийх замаар сургалт судалгааны цогцолборыг байгуулна.

Ирэх оноос мэргэжлийн боловсролын төв нь Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд ирж байгаа.

Тиймээс Өмнөговь, Эрдэнэт, Дархан-Уулд сургалт судалгааны цогцолборыг байгуулахдаа,

  • Ахлах сургуулийн төрөлжсөн сургууль
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  • Их, дээд сургууль гээд төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулах шаардлага байна.

Эдгээр аймагт заах сургалтын хөтөлбөр Улаанбаатар хотод давхцахгүй. Ингэснээр 10-15 мянган оюутан орон нутагт суралцах боломжтой болно. Багш нарт орон нутагт ажилласны нэмэгдэл бий болно.

Мөн ирэх оноос хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргалаа" гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах