ЗГ: “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олголоо.
Хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурна.
Энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх