Цэс Close

Зөвшөөрөлгүй барилгад дорвитой арга хэмжээ авахгүй бол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хот төлөвлөгч, инженер, архитекторууд болон энэ салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй хүн амын төвлөрөл, үүнийг дагасан хот төлөвлөлт, дэд бүтэц, инженерийн байгууламжийн асуудлуудыг шийдэх, өмнөх алдаагаа засах талаар санал солилцохоор энэхүү уулзалтыг хийж байна. Цаашид Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт болгон тэлэх, ухаалаг бөгөөд оновчтой шийдлүүдийг нэвтрүүлэх, одоо тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд инженер, судлаачид, архитекторуудын тооцоолол, аргачлал, санал бодол зайлшгүй шаардлагатай. Тиймээс хотын нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрал, ая тухад онцгой нөлөөлөх чухал санал, санаачилга эндээс гарна гэдэгт итгэлтэй байна хэмээн уулзалтыг эхлүүлсэн юм.

Хөгжлөө зөвхөн хотоор бус, том зургаар харах хэрэгтэй

Улаанбаатар хотын төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлын нэг нь нутаг дэвсгэрээ тэлж хөгжих юм. Хүн амын төвлөрлийг ухаалгаар зохицуулахад хөгжлийг бүс нутгийн түвшинд авч үзэх нь чухлыг уулзалтын үеэр онцолж байв.

Улаанбаатар хотын ерөнхий архитектор асан, гавьяат барилгачин, зөвлөх архитектор Я.Шархүү:

-Миний тооцоолсноор 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.2 сая орчимд хүрнэ. Тэгэхээр хот цаашид нутаг дэвсгэрээ тэлж хөгжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төвөөсөө 50-150 км зайтай тэлж хөгжих учиртай. Ингэхийн тулд хөгжлөө зөвхөн хотын бус, Төв аймгийн хэмжээнд төлөвлөж, том зургаар харах хэрэгтэй байна. Нөгөө талаас хотыг тэлээд, хөгжүүлээд хүн амын төвлөрлийг шийдэхгүй. Хүний хөгжлийн индекс, амьдралын чанарыг бусад аймагт ч дээшлүүлж байж төвлөрөл саарна хэмээлээ. Түүнээс гадна төвлөрлийг дагасан эрсдэлийг бууруулахад анхаарах нь чухлыг судлаачид онцолж байв. Тухайлбал, хүн амаа гал түймэр, үерийн гамшгаас хамгаалахын тулд стандарт норм, хууль журмын хэрэгжилтэд хатуу хяналт тавих, эрсдэлээс сэргийлэх нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

Зөвшөөрөлгүй барилгад дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй

Уулзалтын үеэр архитекторууд хот төлөвлөлттэй холбоотой саналаа Хотын даргад уламжилсан.

Монголын барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд:

-Хот төлөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлын нэг яах аргагүй санхүүгийн эх үүсвэр. Үүнийг нийслэл өөрийнхөө боломжид тулгуурлаад шийдэхээр зорьж байгаад талархаж байна. Нөгөө талаар зөвшөөрөлгүй барьсан барилгуудын асуудал байна. Энэ бол одоо хэрэгжиж байгаа хууль, дүрмээ мөрдөхгүй байгаагийн уршиг. Тэгэхээр зөвшөөрөлгүй байж ажил нь эхэлсэн 107 барилгын асуудлыг цэгцлэх шийдлийг зоригтой гаргах хэрэгтэй байна. Үүний улмаас дур дураараа шийдвэр гаргаад, нам барилгын бүсэд өндөр барилга барих, эсвэл орон сууцны бүсэд үйлдвэр байгуулах асуудал гараад байгаа юм. Үүн дээр гаргалгаа гаргаад дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ асуудал хэзээ ч зогсохгүй хэмээлээ.

Мөн засаглалын тогтвортой байдлыг хангах, ингэснээр өмнөх шийдвэрүүд хэрэгжих хөрсийг бүрдүүлэх нь чухлыг онцолж байв.

Байгууллагуудын уялдаа холбоог хангах хэрэгтэй

МУИС-ийн Газар зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Гантулга:

Хотыг 10, 20 жилээр төлөвлөдөг. Гэтэл энэ хугацаанд Засгийн газар, хотын удирдлага нь хэд хэд солигддогоос болоод шийдвэрүүд хэрэгждэггүй, үр дүн нь гардаггүй. Тэгэхээр эрх зүйн баримт бичгийн хувьд ч, эсвэл намын дотоод бодлогын хувьд ч энэ чиглэлд менежмент хийх хэрэгтэй. Салбартай холбоотой бас нэг асуудал нь байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, яамд хоорондын уялдаа холбоо сул. Өөр хоорондоо уялдаагүй шийдвэр гаргаснаар хэрэгжүүлэх ажлууд зөрчилдөх нь бий. Ерөөс бодлогоо зангидаж, мэдээллийн сангаа нэгтгэх нь чухал гэсэн юм.

Хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй концепцуудыг тусгах шаардлагатай

Цаашид хот төлөвлөлтдөө байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй концепцуудыг тусгаж өгөхийг ШУТИС-ийн Архитектурын салбарын эрхлэгч, доктор Г.Цовоодаваа онцолсон.

Хотоо хөгжүүлэх, төлөвлөх, шинэ шийдлийг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчийг татан оролцуулах нь чухлыг уулзалтын үеэр тодотгож байлаа. Мөн хууль, эрх зүйг боловсронгуй болгох, одоо хэрэгжиж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хот төлөвлөлттэй холбоотой заалтуудыг тусгах  шаардлагатай байгааг салбарынхан хэлж байв.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Амьдарч буй хотоо төлөвлөх, хөгжүүлэхэд нэн хэрэгтэй санал бодлоо хэлж, уулзалтад хүрэлцсэн ирсэнд талархал илэрхийлье. Нийслэлийг дэлхийн бусад хотын адил хөгжүүлэхэд хууль, эрх зүй, төлөвлөлт, инновац, эдийн засгийн олон чухал ажлыг хийх хэрэгтэй байна. Цаашид хот төлөвлөлтөд мэргэжлийн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, холбоод, хувийн хэвшлийн байгууллагуудын санал, санаачилгыг тусгаж, хамтран ажиллахад хэзээд нээлттэй байх болно” хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах