Цэс Close

З.Мэндсайхан: ХАА-г дэмжих 500 тэрбумын зээл олгоход бэлэн боллоо

ХАА-г дэмжих 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа.

-Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох ажил хэзээнээс эхлэх вэ?

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Уг зээл хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд  200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй байх юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монголбанк, Сангийн яамтай, санхүүжилтийн ерөнхий гэрээг Төрийн, Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Капитрон, Хас банктай байгуулан хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд дээрх арилжааны банкуудаар дамжуулан зээл авах боломжтой бөгөөд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан зээлдэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.

-Ноолуур бэлтгэлийн зээлийн зориулалт, шалгуурын талаар мэдээлэл өгнө үү?

-Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулан шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зорилгоор энэ зээлийг 2021 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал олгоно. Зээлэнд хамрагдах аж ахуйн нэгжүүд ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий байх, НӨАТ төлөгч байх, банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлагыг хангасан байх ёстой.

-Хаврын тариалалтын зээлийн тухайд ямар байх вэ?

-Энэ зээлийг бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зориулалтаар 2021 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал олгохоор зохицуулалт хийгдсэн. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ноолуур бэлтгэлийн зээлтэй мөн адил НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх, өөрийн эзэмшлийн газрын өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай байх, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га-с дээш байх, өвөл-зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 м2 талбайгаас дээш тариалан эрхлэгч байх, үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчид 1 га талбайгаас дээш байх, 2021 хаврын урьдчилсан тариалалтын захиалгын мэдээ мөн банкны шаардлагыг хангасан байх зэрэг шалгууртай.

-Малчдад олгох зээлийн зориулалт ямар байх вэ?   

-Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгох юм. 50 сая төгрөг хүртэлх зээлийг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал олгох бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас хэтрэхгүй байна. Зээл авах малчид Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх, банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлагыг хангасан байхаар зохицуулалт хийгдсэн.

-Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн үр өгөөжийг Та хэрхэн харж байна?

-Бидний амьдралд малчид, тариаланчид буюу хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбар ямар нэгэн байдлаар хамаарч байдаг. Тиймээс энэ салбарыг бодлогоор заавал дэмжиж байж, өрх бүрд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал. Нөгөө талд ковидын үед хүнсний аюулгүй байдалд хамгийн найдвартай түшиц болж өгсөн хөдөө аж ахуйн салбараа бид экспортын баримжаатай, бие даасан болгох чиглэлд төвлөрөн ажиллаж буй. Тийм учраас "Хөдөө аж ахуйг дэмжих" 500 тэрбум төгрөгийн зээл нь хаврын технологит ажлууд ид өрнөдөг энэ чухал цаг үед манай салбарт томоохон дэмжлэг болж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах