Цэс Close

Иргэнийг "Зодох байтугай буудах эрх"-тэй гэсэн алба хаагчийг шалгаж эхэлжээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны өдөр 11:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдүгээр пост руу хөдөөний хүнд юм хүргэж өгөх гээд явсан иргэнийг цагдаагын албан хаагч зогсоож торгосон хэргийн талаар иргэн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрээр "Цагдаагийн алба хаагч үнэмлэхээ харуулахыг шаардан 200 мянган төгрөгийн торгууль бэлнээр өг гэсэн. Улмаар тухайн иргэнийг хавсарч унагаад, өшиглөөд, халаасыг нь ухаж үзсэн. Мөн “Чамайг зодох нь байтугай буудах эрх нь надад байна” гэж хэлсэн хэмээн тухайн үед болсон үйл явцыг нийтэлсэн байна.

Бид энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад: Олон нийтийн сүлжээний “Бор-Өндөр - Хот хоорондын такси” Фэйсбүүк цахим грүппт цагдаагийн алба хаагч иргэнтэй зүй бусаар харьцсан гэх мэдээлэл нийтлэгджээ.

Уг мэдээллийг шалгаж тодруулахад, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С нь Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, дэд ахлагч Б-ийн хамт зургадугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 28 минутад тус сумын 4 дүгээр багт байрлах хорио цээрийн дэглэм сахиулах шалган нэвтрүүлэх цэгт /пост/ үүрэг гүйцэтгэж байх хугацаанд эрэгтэй, 52 настай Д гэгч нь улсын дугааргүй Да-Юун маркийн мотоцикл жолоодож тухайн пост дээр ирэхэд үед нь зогсоож шалгасан байна.

Уг иргэн тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 дэх хэсгийг тайлбарлан өгч, цагдаагийн хэлтэс рүү авч явах, мөн тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөх талаар хууль ёсны шаардлага тавихад иргэн Д эсэргүүцсэн тул цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх хэсэгт заасны дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна.

Тухайн иргэнд хууль тайлбарлан өгч 200.000 төгрөгөөр торгох үндэслэлтэй талаар тайлбарлаж өгсөн ба мэдээлэлд дурдсан шиг хавсарч унаган өшиглөж, бэлнээр мөнгө авчирч өг гэж хэлээгүй болох нь шалгалтын явцад урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Олон нийтийн сүлжээнд пост оруулсан иргэн “Э” гэгч нь цагдаагийн алба хаагч “С”-ын биед халдаж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн үйлдлийг /Камерын бичлэгтэй/ тус аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах