Ирэх наймдугаар сард Монголд болох COP17 дэлхийн анхаарлыг бидэн рүү хандуулна

Байгаль орчин, уур амьсгалы өөчлөлтийн сайд Б.Батбаатар Бразилийн Белем хотод болж буй COP30-д оролцохоор албаны хүмүүсийн хамт мордлоо. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар шинэ шатанд гаргасан улсынхаа үүрэг амлалтыг дэлхий дахинд танилцуулна. Зарим хэвлэлд салбарын сайд болон албаны хүмүүсийг ойр, ойрхон гадаад айлчлал хийж байна гэж шүүмжлээд байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь учиртай юм. Ирэх онд Монголд болох COP17-г амжилттай зохион байгуулахын тулд албан уулзалт очиж хийхээс өөр аргагүй. Дэлхийн олон орон Монголд чуулахад бэлтгэл ажил гэж нүсэр юм болж байгаа. COP17-г Монголд зохион байгуулах гэж 2022 онд зөвшөөрөл олгож, манай төр засаг анхаарал хандуулж, зохион байгуулах эрх олж авснаас хойш тодорхой хэмжээнд бэлтгэл ажил хангаж ирсэн билээ. Цаг хугацаа улам л ойртож байна.
COP-ын гурван төрлийн хурлын нэг болох Цөлжилттэй тэмцэх асуудлаар хуралдах COP17 ирэх наймдугаар сард Монгол Улсад болно. Дэлхий нийтийн анхаарал ирэх наймдугаар сард манай улсын зүг хандана гэсэн үг. Хөгжиж байгаа, буурай хөгжилтэй орнуудад COP хамгийн том боломжийн нэг. Зохион байгуулж буй улсдаа бизнес аялал жуулчлал болдог гэж үздэг. Нислэгийн билет, буудал, бусад худалдан авалт гээд бүх зүйл нь хувийн хэвшилд орлого болж ордог. Дэлхийн дээд хэмжээний удирдагчид ирдэг учир Засгийн газар бодлогоо танилцуулах боломж үүснэ. Түүнчлэн түншлэл хөрөнгө оруулалт аль ч салбарт татахад хөшүүрэг болох томоохон боломж бий болно гэсэн үг. Салбарын яамныхан мөн л санал солилцохоос гадна бадар барьж л яваа. Төсвийн мөнгөөр хувийн ажил хийж яваагүйг үүгээр ойлгочихож болох бизээ. Нийт газар нутгийн гуравны хоёр хувь нь цөлжилтөд өртөөд байгаа манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн бусад эрсдлийг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын анхаарлыг өөрт татаж, энэхүү томоохон хурлыг зохион байгуулж байгаа нь ач холбогдол өндөртэй. Ингээд бэлтгэл ажил хийх гээд нэмэр болохгүй хэрнээ шүүмжлэх нь элбэг байна. Гар хумхиад амаа ажиллуулаад суухад амарч дэлхийн улс орнуудын удирагчид хуран чуулахад бид бэлэн үү гэдэгт анхаарал тавьж байгаа нь хэр олон билээ. Хариуцаж байгаа хэдэн салбар яамныхан, мэдээж дээр нь төр засгийн удирдлагууд л санаа амар байж чадахгүй, нойр хоолыг умартан, ажиллаж байна. Дэлхийн 197 орны 10 мянган хүн хүлээж авна гээд бод доо. Эдийн засаг, бизнес, байгаль орчны асуудлаас гадна дэлхийн удирдагч нарт улс орны бодлогоо ч нэгэн дор хүргэж болох боломж гэж COP17-г харах хэрэгтэй.
Монголчууд эртнээс байгалиа дээдэлж ирсэн ард түмэн. Манай улсад зохион байгуулах гэж буй Цөлжилттэй тэмцэх асуудлаарх бага хурлын гол анхаарал хандуулах асуудал нь газрын доройтол, цөлжилт гэх мэт зүйлс юм.
Байгаль эхийн төлөөх энэ хурал манайд амжилттай болвол манайд тун ашигтай байх боломжтойг өмнөх хурлуудаас харж болно. Түүнчлэн түншлэл хөрөнгө оруулалт аль ч салбарт татахад хөшүүрэг болох томоохон боломж бий болно гэсэн үг.
Цэлийсэн ногоон тал халзгай газар болж, булаг шанд, нуур цөөрөм ширгэн алга болж, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлын үр дүнгээс үнэхээр харамсам дүр зураг бий болж байгаа. Нийслэлд оршин суудаг бид жилдээ нэг хөдөө нутаг зорьж амрахдаа байгалийн сайхныг сорчилж, очиж амарчихаад л яваад өгдөг. Тийм учраас байнга оршин суудаг, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг хүмүүсийг бодвол тэндхийн амьдрал, ахуй, зовлон бэрхшээлийг тэр бүр анзаарахгүй байх нь бий.
Газар нутаг дээрээ COP17 зохион байгуулах гэж байгаа юм чинь мэдээж манай улсын асуудал эн тэргүүнд хөндөгдөх боломж бүрдэнэ. COP бол НҮБ-ын стандартын дагуу явдаг хурал хэдий ч зохион байгуулагч оронд давуу тал мэдээж байдаг. Манайхан ч энэ давуу байдлыг ашиглан арван жилийн хугацаанд хэрэгжих 3 санаачилга дэвшүүлэх гэж байгаа юм билээ. Энэ нь нэгд, бэлчээрийн санаачилга, хоёрт, усны асуудал, гуравт хувийн хэвшлийн салбарын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг байгаль орчинд ээлтэй байлгах асуудал гэнэ.
Жилд орох хур тунадасын хэмжээ нутгийн зарим хэсэгт 10-40 хувиар буурч байгаа өнөө үед бид хэрхэх вэ. Цөлжилтөд дөрөвний нэг нь нэрвэгдсэн газар нутгаа хэрхэн аврах вэ. Бид өөрсдөө хичээх нь мэдээж ч хөрөнгө маш ихээр шаардагдана. Иймээс COP17 зохион байгуулагч орны хувьд хэлэлцээрээ амжилттай хийж чадвал дэлхийн хөгжилтэй улсуудаас хөрөнгө оруулалт татах боломж зохион байгуулагч орны хувьд нээлттэй болж байгааг дээр дурдсан.
2022 онд Баруун Африкийн Кот-д' зохион байгуулагдсан хурлын үр дүнд "Агуу ногоон хана" хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга орчим ажлын байр шинээр бий болгосон. Улмаар тодорхой хөтөлбөрийн санхүүжилтүүд 16 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд одоо ч үргэлжилж байгаа жишээ бий.
Дэлхий нийтийн анхаарлыг эх орны минь зүг татах COP17 хурал эхлэх хүртэл 270 гаруйхан хоног үлдээд байна. Бэлтгэлээ сайн хангах, гадаад улс орнуудтай сайтар харилцаа, холбоогоо бэхжүүлэн, уулзалт ярилцлагууд хийх нэн шаардлагатай энэ үед COP17-г зохион байгуулах Үндэсний хорооныхныг гадаад яьлаа гэх мэт өчүүхэн шалтагаар бүү улс төр хийж, шүүмжлээрэй. Тэдний яваад байгаа цаад шалтгаан нь алсдаа Монголд хэрэгтэй юм шүү.
Сэтгэгдэл үлдээх