Цэс Close

Ирээдүйд гэрэл асаав

Манай улсыг удирдаж байсан нөхөд   баяр болохоор “Монгол Улс маань хөгжил цэцэглэлтийнхээ гараан дээр ирлээ” хэмээн хундага харшуулдаг байлаа. Гэвч сүүлийн үед энэ үгээ хэлэхээ больсон. Учир нь, улсын маань хөгжил гарааны зурхайгаас нэг л хөдөлж өгөхгүй л байлаа. Арай л хуучин руугаа ухарчихалгүй гацчихсан мэт нөхцөлд он удлаа. Урам хугарах гэх үү, итгэл алдарсан ч гэх үү. Энэ улс гялтайх сайхан зүйлгүй мэт сошиалаар нэг хар бараан мэдээ харагдаж, хаа сайгүй улсаа удирдаж байгаа нөхдөө үзэн ядагсад, шүүмжлэгдэгсэдээр дүүрлээ.

Харин сүүлийн үед томоохон төсөл, бүтэн байгуулалтууд хийгдэж,  одоо л нэг улсын маань хөгжил гарааныхаа зурхайгаас гарав уу гэлтэй. Ирээдүйд гэрэл асаасан олон үйл явдал өрж байна. Гэхдээ шүүмжлэл, итгэл алдарсан байдал байсаар байгааг энд дурдах хэрэгтэй. Ер нь сайн мэдээнд итгэхээ  байсны илрэл үү, хар бараан гомдлын үгсээр хаа сайгүй л ярих юм.

Гэвч итгэлгүй бол юуг хийж бүтээхсэн билээ. Хэрхэн цааш явах билээ. Хөрш орнуудаас хараат байдаг цахилгаан, нефтийн асуудлаа шийдчих гээд л, эрх биш улс орон гэсэндээ хэдэн төслүүдээ урагшлуулах гэж  хүнд бэрх даваа, гүшвээг давах шаардлагтай болж байх шиг.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар Монгол Улсад сүүлийн 40 жил хийгдээгүй эрчим хүчний томоохон эх үүсвэр болов. 28 жилийн турш гацсан ураны төслийг Францтай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулав. Шинжлэх ухааныг уландаа гишгэсэн манай тэмцэгч хэмээн өөрсдийгөө дөвийлгөгчид үүнд бас л эгдүүцуээд хэдэн эрдэмтнээ “барьж идэх” шахаж байгаа нь дэлгэцнээ харагдах юм.

Хамгийн сүүлд Гашуунсухайт боомтоо БНХАУ-ын Ганцмод боомттой холбох түүхэн шийдвэр гаргалаа. Олон утгаараа түүхэн гэж тодотгогдох энэхүү шийдвэрийн ач холбогдлыг танилцуулъя. Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байжээ. Энэ бол Замын-Үүд-Эрээний боомт. Түүнээс хойш бараг зуун жилийн дараа удаах  боомтоо төмөр замаар холбох шийдвэр гаргасан нь яах аргагүй түүхэн үйл явдал. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ  албан ёсоор соёрхон баталлаа. Ингэснээр хоёр улс хоёр дахь төмөр замаараа холбогдохоос гадна манай улсын эдийн засгийн хөгжилд томоохон ахиц дэвшил авч ирэх юм. Экспортод гаргах нүүрсний хэмжээ нэмэгдэж,  Монгол руу чиглэх валютын урсгал өснө. “Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрнэ. Нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Ингэснээр бид бүхний чихэнд мөн дасал болоод буй нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10.000 ам.долларт хүрэх зорилт биелнэ” хэмээн Засгийн газраас мэдэгдээд байна. Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.доллар дээр 10 жилийн турш гацсан бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн гурван жил дараалан 1000 ам.доллараар нэмэгдүүлж чадсан. Тиймээс 10000 ам.долларт хүргэж чадна гэж олон нийт итгэж суугаа.

БНХАУ-тай байгуулсан энэ удаагийн хэлэлцээр нь хилийн төмөр замаа холбох, Тавантолгойн ордын хүчин чадлыг нэмэгдүүлэхээсээ эхлээд  шууд үр дагавар олонтойгоос  гадна дараа,  дараагийн олон төслийн эхлэл болж байгаагаараа онцлогтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэлцээрийн төслөө УИХ-аар соёрхон батлуулахдаа “Хэлэлцээр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа. Шивээхүрэн боомт бол экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ. Шивээхүрэн боомтыг холбосны дараа автозамаар холбогдвол баруун босоо тэнхлэг болж байгаа. Шивээхүрэнгийн дараа Бичигт. Бичигт мөн экспортоо 10 сая тонноор нэмэгдүүлэх болможтой. Бичигтийг Эрээнцавтай холбочихвол зүүн бүсийн коридор болно. Үүний дараа тав дахь боомт бол Ханги. Энэ мэтчлэн бусад боомтыг ээлж дараалан ярих боломжтой. УИХ-аас Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон баталснаар Шивээхүрэнтэй албан ёсны хэлэлцээр хийх боломж энэ протоколоор нээгдэж байгаа. Шивээхүрэнгээ нээчихвэл Бичигт, Бичигтээ нээчихвэл Ханги. Үүний дараа бусад боомтуудын боломжит хувилбар буюу ТЭЗҮ дээр ажиллах боломжтой болно. Энэ хэлэлцээр бол 70 жилийн дараа батлагдаж байгаа хоёр дахь түүхэн үйл явдал” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай хийсэн хэлэлцээрээ соёрхон баталснаар дараагийнхаа хэлэлцээр рүү шууд орж байна. Энэ бол Шивээ хүрэн боомтоо БНХАУ-ын Сэхэ боомттой холбох хэлэлцээр. Бас нэг таатай мэдээ байгаа нь энэ хоёр боомтыг төмөр замаар холбоход маш бага хугацаа зарцуулна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн юм. Тэрээр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхтэй зэрэгцэн Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалтын ажил яригдана. Энэ бол Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалттай харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай. Хоёр сарын хугацаанд л хийх боломжтой” гэсэн юм.

Засгийн газар энэ эрчээрээ ажиллаад л байвал улс орны  маань ирээдүй гэрэлтэж, хөгжлийн замдаа нэгэнт нь гарах нь.  Итгэл бөхчихөөгүй л байна.

Б.Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах