Ирээдүйд өвгүй, өртэй үлдээх шийдвэр
Засгийн газраас өргөн барьсан Монгол улсын ирэх жилийн төсвийн төслийг УИХ ид хэлэлцэж байна. Өнгөрсөн жилүүдэд хэлэлцэн, батлагдаж байсан төсвийн тухай хуулиудаас энэ жилийн хувьд “Ирээдүйн өв сангийн тухай” хуульд өөрчлөлт оруулахаар болсон нь анхаарал татна. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан нь тус хуульд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл болсон гэж Засгийн газар тайлбарлаж байна.
Ирээдүйн өв сан болон хүүхдийн мөнгө хоёр тэс ондоо ойлголт төдийгүй өөр агуулагатай. Нэг нь улсаас хүүхдэд өгч байгаа халамж бол нөгөөх нь байгалийн баялгаас авдаг татвартай холбоотой хуримтлал юм.
“Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг 1995 оноос зөвхөн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зорилтот бүлэг рүү чиглүүлж тэтгэмж олгосноор эхэлж байсан юм. Харин 2006 оноос 0-18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр гурван мянган төгрөгийг олгож эхлэв. Энэ хэмжээг 2007 оноос жилд нэг удаа 100 мянган төгрөг, 2009 оноос сар бүр 21 мянга, 2012 оноос 20 мянга болгож өөрчилж байсан аж. Хүүхдийн мөнгө хэрхэн ирээдүйн өв сантай холбогдсон талаар мэдэхийн тулд манай улсын эдийн засаг, түүний онцлог тэр бүү хэл нийгэм, улс төрийн түүхэн үйл явдлыг цогцоор авч үзэх шаардлага гардаг.
Манай улсын эдийн засаг ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортоос нэн хамааралтай. Зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдэр, нефть зэрэг цөөн хэдэн ашигт малтмал голлох үүрэг гүйцэтгэнэ. Саяхныг хүртэл зэсийн баяжмал дангаараа экспортын орлогод хамгийн их нөлөө үзүүлдэг байв. Гэвч 2000 оны эхэн үеэс урд хөршийн эдийн засаг эрчимжихийн хэрээр нүүрс үнэд орж 2010 он гэхэд манай экспортын гол бүтээгдэхүүний нэг болсон юм. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засаг зэс, нүүрс гэсэн орлогын хос баганатай болов. Энэ хоёр бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өндөр байвал манай ДНБ өсөж, унавал дагаад унадаг ийм л эмзэг, гадаадын зах зээлээс хараат эдийн засагтай орон.
Эдийн засаг нь уул уурхайгаас хараат улсуудын хувьд эрдэс баялгаас бий болсон орлогоо ирээдүй хойч үедээ үлдээх, урт хугацаанд баялгаа хуримтлуулах, арвижуулах бодлого хэрэгжүүлдэг. Анхны баялгийн санг Кувейт улсад 1953 онд байгуулагдаж байжээ. Өнөөдөр нэг их наяд ам.доллараас давсан хөрөнгөтэй Норвеги улсын баялгийн сан зөв менежментээрээ хуримтлалын үлгэр жишээ болж байна. Тус сан Норвегийн ард түмний 100 хувийн өмч бөгөөд мэдээлэл технологийн өнөө цагийн “аварга”-ууд болох “Facebook” “Apple” “Microsoft” компанийн хувьцааг эзэмшиж цөмийн зэвсэг үйлдвэрлэлийн “AirBus”, уул уурхайн “RioTinto” зэрэг үндэстэн дамнасан олон зуун корпорациудад хөрөнгө оруулалт хийж хөрөнгө нь цаг ямагт арвижиж байдаг аж.
Одоо арваад жилийн өмнөх түүх рүүгээ нэг өнгийе. Монгол улс уул уурхайгаас боломжийн хэмжээний хөрөнгө олох хэрээр улс төр “булингартаж” эхэлсэн байдаг. Энэ үеэс л мөнгө олох зорилготой хүмүүс улс төр рүү хошуурцгаах болсон юм. 2008 оны УИХ-ын сонгуульд оролцсон намууд сонгогчдын санал татах зорилгоор улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгөн амлалтаар бөмбөгдөж байсныг санах хүмүүс бишгүй байгаа биз ээ. МАХН (Одоогийн МАН) бусад намуудаас хавьгүй ихийг буюу иргэн бүрт 1.5 сая төгрөг амлав. Ам.доллар 1100 орчим төгрөгийн ханштай байсан тэр үед ийм сайхан амлалт гэж юу байхав. Сонгогч олонд ийм хэмжээний мөнгө хаанаас олох нь бүү хэл эдийн засгийн ямар урхаг учруулах нь ч огтын сонин биш байсан юм. Ийнхүү МАН парламентад олонх болсон түүхтэй. Чухам энэ үеэс эдийн засгийн өнөөгийн хямралын суурь тавигдаж эхэлсэн бөгөөд харин үүнийг хэн ч анзаарсангүй.
Сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэх хөрөнгийг байгалийн баялгаасаа гаргахаас өөр арга зам байхгүй тул энэ үеэс эхлэн баялгийн сан хүүхдийн мөнгөтэй холбогдсон хэрэг. 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УИХ, ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх “Хүний хөгжил сангийн тухай хууль”-ийг баталжээ. Залгаад, 2010 онд “Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 84 дүгээр тогтоол ч гарав. Амлалтын 1.5 сая төгрөгөөс 500.0 мянган төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэж, иргэн бүрд 2010 онд 120.0 мянган төгрөг, 2011 онд сар бүр 21.0 мянган төгрөг буюу нийт 252.0 мянган төгрөг, 2012 оны эхний 6 сард нэмж 128.0 мянган төгрөгийг олгожээ. Ийнхүү 2010-2012 онуудад иргэн бүрт 500.0 төгрөгийг бэлнээр олгов. Үлдсэн 1.0 сая төгрөгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эсвэл бэлэн мөнгөний гэх сонголттой олгох шийдвэрийг Засгийн газар гаргаж байв. 2012 онд манай улсын хүн ам 2 сая 867 мянга гэж тоологджээ. Монголын төр хэлсэн амандаа хүрч иргэддээ 1 их наяд 433 тэрбум төгрөг буюу нэг тэрбум ам.доллароос илүү бэлэн мөнгө тараажээ.
Ийм их бэлэн мөнгө иргэддээ тарааж байсан түүх Монголын төрд байсангүй. Тэгвэл үүнийг хэрхэн яаж санхүүжүүлсэн тухай асуудал анхаарал татна. Энэ үйл явц уул уурхайн бүтээгдэхүүний супер циклтэй давхацдаг. 2011 онд Австралид олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж ихэнх уурхайнуудын ажил зогсов. Индонезод цалин хөлсөө нэмүүлэх зорилготой уурхайчдын жагсаал цуглаан ажил хаялт ид өрнөж байсан үе. Ийнхүү Хятадад хамгийн их хэмжээний нүүрс нийлүүлэгч хоёр улсын экспорт зогссоноор зах зээл дээр нүүрсний нийлүүлэлт багасч эрэлт нэмэгдсэнээр үнэ нь өсөв.
Чухам энэ үед Монгол улс урд өмнө олж байгаагүй их хэмжээний орлого олсон бөгөөд 2008 онд нүүрсний экспортын борлуулалтын нийт орлого 184 сая ам.доллар байсан бол 2011 онд 2 тэрбум 273 сая ам.долларт хүрч 12 дахин нэмэгджээ. Зэсийн баяжмалын хувьд 2009 онд 500 орчим сая ам.долларын борлуулалт хийж байсан бол 2011 онд бараг тэрбум ам.долларт хүрч 2 дахин өсөв. Зөвхөн нүүрснээс гэхэд л гурван жилийн өмнөх орлогоосоо 2 тэрбум ам.доллароор илүүг оллоо. Удтал талцан хүлээгдсэн Оюутолгойн уурхайн ажил жигдэрч гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 4.9 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байв. Ийнхүү улсын төсөвт тооцоолоогүй их хэмжээний мөнгө цутгаж эхэлсэн хэрэг. Хэрэв санаж байгаа бол тэр үеийн УИХ-аас ямаанд хүртэл мөнгө өгөх шийдвэр гарч байсан санагдана.
Хэрэв бид тэр үед улс орныхоо ирээдүйг бодсон шийдвэр гаргаж чадсан бол Монгол улс өдгөө уул уурхайгаас хараат бус бие даасан эдийн засагтай болчих алтан боломж байсан юм. Солонгос шиг гар утас хийдэггүй юм аа гэхэд эд анги, чип хийдэг үйлдвэрүүд байгуулагдаж болохоор байлаа. Япон шиг машин хийдэггүй юм гэхэд элдэв төрлийн сэлбэгээс нь авахуулаад зарим нэгэн хөдлөх ангиуд үйлдвэрлэх хэд хэдэн үйлдвэр босгох хөрөнгийг ийнхүү нүд ирмэх зуур үрэн таран хийж орхив. Хамгийн харамсалтай нь Монгол улсын эдийн засаг хямрах үүд хаалгыг ийнхүү төрийн харалган шийдвэрээрээ нээж өглөө. Валютын ханш энэ үеэс эхлэн өсөж, инфляц нэмэгдэж монгол төгрөг үнэгүйдэж өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөх суурь тавигдлаа. Гадаад өр өсөж тасралтгүй нэмэгдэх эхлэл ч тавигдав.
Тухайн үеийн эрх баригчид тооцоо судалгаагүй амлалтаа биелүүлэхийн тулд төсөвт орж ирсэн бүх хөрөнгөө “сэгсрээд” гаднаас зээл авлаа. Монгол улсын Засгийн газар түүхэндээ анх удаа бонд босгов. 2012 оны 3 дугаар сард Сү.Батболдын Засгийн газар Евро бондыг “эх барьж” авчээ. Тэдний, эдийн засгийг 17 хувь өсгөсөн гэж “цээжээ дэлддэг” он жилүүдэд 5 жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй, 580 сая долларыг олон улсын зах зээл дээрээс зээлсэн атал өнөө хүртэл энэ бондын өрийг төлж барагдуулсангүй. Зөвхөн бондын нэр өөрчлөгдөж, хүү, хэмжээ нь өссөөр байна. Хятадын Чалко компаниас авсан зээлийн ард дөнгөж жилийн өмнө гарах шиг боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний супер циклийн үед хэдэн улс төрчдийг “дураар нь дургиулах” зорилгоор амласан тооцоо судалгаагүй амлалт Монгол улсын эдийн засгийг тэлэхийн оронд эрсдэлд оруулсан гунигт түүхийг сөхвөл ийм байна.
Одоо хүүхдийн мөнгө рүүгээ оръё. Дэлхий нийтийг хамарсан Коронавирусын цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 4 сарын 1-нээс эхлэн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг халамжийн сангаас олгож эхэлсэн. Энэ хүнд цагт хүүхдийн мөнгийг өгөхгүй гэж хэлэх зориг зүрхтэй улс төрийн хүчин байхгүй нь лав. Учир нь олон жил иргэддээ загас барих арга зааж өгөхийн оронд загасаар тэжээсээр ирлээ. Түүнд нь ард түмэн, улс төрчид аль аль нь дасчихаж. Өнөөгийн эрх баригчид хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь өгье гэж хэлж чадсангүй. Уг нь бүтэн өнчин гурван мянга орчим хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 110 орчим мянган иргэн, өрх толгойлсон 80 орчим мянган ээж, 20 мянган аав, ганц бие өндөр настан 40 орчим мянга гэх мэтээр зорилтот бүлгээ тооцоолох тийм ч хүнд биш. Үүнийг тооцох төрд ажиллаж буй 200 мянган албан хаагч ч бий. Гэвч сонгуулийн санал авахын тулд халамжийг хэт хавтгайруулсан улс төрчдийн хүсэл зорилго тэс өөр юм. Тэдэнд өнөөдрийн засаг төр нь болж л байвал Монголын ирээдүй ердөө сонин биш. Тэд үнэндээ хүүхдэд хайртай тулдаа хүүхдийн мөнгө гэгчийг сэдсэн юм биш. Тэдэнд улс төрчийн нэр зүүж хэдэн жил зарлага нь хэтийдсэн улсын төсөвт эзэн суух эсвэл халаасыг нь зузаалах уул уурхайн шийдвэр гаргах нь чухал байдаг.
Манай улсын хувьд 2008 оноос хойш Засгийн газар солигдох бүрд Хүний хөгжлийн сан, Ирээдүйн өв сангууд байгуулагдаж УИХ-ын сонгуулийн амлалт биелүүлэх хэрэгсэл болж байгаа. Бидний загварыг нь дуурайсан Норвеги улсын баялгийн сан байгуулагдсан 1996 оноос хойш Засгийн газар нь хэд хэдэн удаа солигдсон ч сангийн дүрэм журам, үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Тиймээс ч өсөж арвижаад зогсохгүй иргэд нь дэлхийн хамгийн өндөр орлоготой орны тоонд багтжээ. Харин манай улсын хувьд байдал 100 хувь эсрэг.
Хүүхдийн мөнгө нэрийн дор Ирээдүйн өв санд сүүлийн гурван жил хуримтлуулсан 2 их наяд гаруй төгрөгийг хууль зөрчиж үгүй хийсэн булхайгаа баллах гэж хуулийг өөрчлөхөөр шийдэв үү, эсвэл баялгийн сангийн багахан хөрөнгийг хуу хамахаар шийдэв үү. Бодит үнэн нь хэзээ нэгэн цагт илэрч л таарна. Ямарч байсан ийм нэгэн хөгийн асуудал УИХ дээр орж ирлээ. Харин энэ асуудлыг Монголын ирээдүй хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Ядуу иргэдтэй орны улс төрчид эх оронч байх нь элбэг. Харин эх оронч гэдгээ батлахын тулд хүүхдэд хайртай дүрийг эсгэх нь нэн чухал. Татвар төлөгчдийн их наяд төгрөгөөр. Улс орныг хөгжүүлэх ёстой их наяд төгрөгөөр. Тэдэнд улс орны ирээдүй, эдийн засгийн хөгжил дэвшил ердөө сонин биш.
2022 оны 10 сарын 31
Сэтгэгдэл үлдээх