Их хэмжээний нойтон цас орж, аюултай үзэгдэл болохыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас өнөөдөр баруун нутгаас эхлэн орсон цас маргааш төвийн нутгаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг анхааруулж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөөдөр өглөөний байдлаар Увсын нутаг, Завханы зүүн хэсгээр цас орж байна. Энэ цас өнөө шөнө Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд, Булганы баруун хэсгээр, маргааш өдөр буюу 15-нд Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээгээр орно.
Ялангуяа Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байна. Цаг уурын байгууллагаас 12 цагийн хугацаанд 5 мм хүртэлх нойтон цас орохыг аюултай үзэгдэлд тооцдог байна. 15-ны 20 цагаас эхлэн 16-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурган шуурна. Энэ цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй. 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/сек хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурган шуурна. Маргааш буюу 15-нд нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр өнөөдрийн температураас 5-10 градусаар хүйтэрнэ. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна" гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл үлдээх