Канте: “Алтан бөмбөг” гэсэн үү? Үгүй ээ ...
Европын Аваргуудын лигийн аваргаар Английн “Челси” тодроход Мэйсон Маунтын хараатай сайхан дамжуулалтаар Кай Хаверц богино хугацаанд зөв сэтгэж гоол оруулж, багтаа хожил авчирсан.
Гэлээ ч тоглолтын агуулгыг харвал талбай дээр хамгийн шилдэг, хамгийн хэрэгтэй тоглогч нь 30 настай Нголо Канте байлаа. Тиймээс ч түүнд Тоглолтын шилдэг хөлбөмбөгчийн шагналыг гардуулсан юм. Аваргуудын лигийн энэ улиралд Канте “Атлетико Мадрид” болон “Реал Мадрид”-тай хийсэн хоёр тоглолтод мөн Тоглолтын шилдгээр нэрлэгдэж, багтаа амин чухал тоглогч нь гэдгээ харуулсан юм.
Тиймээс финалын дараагаар түүнийг 2021 оны “Алтан бөмбөг” шагналыг гардах магадлалын тухай яриа өрнөж эхлээд байна. Өөрөөс нь энэ талаар ямар бодолтой байгааг нь асуухад ийм хариулт өгчээ.
“Алтан бөмбөг” гэсэн үү? Ямар бодолтой байна вэ гэж үү? Үгүй ээ... эхлээд Аваргуудын лигийн аварга болсныхоо баярыг тэмдэглэх хэрэгтэй байх. Харин дараа нь Европын АШТ-д оролцоно .
Аваргуудын лигийн финалын Шилдэг тоглогч боллоо гэж үү? Энэ бол багийн тоглолтоос чухал биш хоёрдагч зүйл шүү дээ. Хамгийн гол нь бид багаараа ялалтад хүрсэн нь л чухал байна” хэмээн Нголо Канте өгүүлжээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх