Цэс Close

Кантона: Тэр мууг илүү хүчтэй тийрэх байсан юм!

Английн “Манчестер Юнайтед”-ын домогт франц довтлогч Эрик Кантона 1995 оны нэгдүгээр сарын 25-нд “Кристал Пэлас”-тай хийсэн тоглолтын үеэр нэгэн фанатыг өшиглөсөн хэргийнхээ улмаас есөн сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж, 120 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээсний зэрэгцээ 10 мянган паундаар торгуулж байв.

Тэгвэл тэрхүү явдлын талаар The United Way баримтат кинонд Кантона ийн өгүүлжээ.

“Намайг өмнө нь хэдэн мянган удаа өдөөн турхирч, харааж доромжилсон ч би ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй байлаа. Гэвч тэвчээрт хязгаар гэж бий. Одоо би нэг зүйлд харамсдаг юм. Тэр мууг илүү хүчтэй тийрэх байсан юм. Дахиад боломж олддогсон бол илүү хүчтэй тийрэхгүй юү.

Жирийн л нэг тоглолт шүү дээ. Тэр зурагчин модон дээр сууж байсан юм уу, ямар ч байсан агшныг алдалгүй дарсан юм билээ. Модноосоо уначихсан бол тэр зураг хэвлэлүүдээр гарахгүй л байх байлаа. Гэвч маргааш нь сонин хэвлэлээр дүүрэн өнөөх үйлдлийн зургууд. Бүх хэвлэл шуугиж, Хөлбөмбөгийн Холбоо намайг сайтар хашраахаар шийдсэн нь ойлгомжтой байлаа.

Тухайн үед Фергюсон маш зөв үг олж хэлж билээ. Ер нь үргэлж тийм байдаг хүн л дээ. Би аав шигээ л санаж, их хүндэлдэг. Хэцүү байдалд орчихоод байхад дасгалжуулагч чинь чамайг өмөөрнө гэдэг үнэхээр баярламаар юм билээ. Бүр дасгалжуулагчийнхаа төлөө амиа өгчих юмсан гэж бодтол сайхан үг хэлсэн. Дасгалжуулагчийг дагаад клубынхэн маань ч бүгд миний талд зогслоо. Өөр клуб байсан бол аль хэдийнэ гэрээг минь цуцлаад явуулчих газар. Гэвч “Манчестер Юнайтед” яасан гээч! Надад бүр шинэ гэрээ санал болгосон юм даа. “Манчестер Юнайтед” болон бусад клубүүдийн ялгаа энэ юм аа” хэмээн Кантона өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах