Кике Сетьен: Месситэй ажиллах хэцүү!
Испанийн “Барселона” 2020 оны эхээр тосгондоо ажилгүй, амар жимэр амьдарч байсан 61 настай Кике Сетьен рүү утас цохисноор маргааш нь л ахлах дасгалжуулагчаар зарлаж, хэвлэлийн хурал хийлгэсэн.
Кике Сетьен ч гэнэтийн урилга заллагад гайхширснаа нуугаагүй. “Өчигдөрхөн л би тосгондоо хэдэн үнээний хажуугаар алхаж явлаа. Гэтэл өнөөдөр дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг удирдах гээд ирчихсэн сууж байдаг. Ажлын санал ирэхэд таван минут л бодсон. “Барселона”-гаас над руу ярина гэж төсөөлөө ч үгүй.
Би нэг их хүчирхэг зан чанартай юмуу эсвэл мундаг замналтай хүн биш л дээ. Өөрийнхөө философийг эргэлт буцалтгүй дагаж ажилласаар яваа дасгалжуулагч. Мөн өмнөх багуудтайгаа хамт хүрсэн ганц амжилт маань бол сайхан хөлбөмбөг л тоглуулдаг. Тийм хүнд ийм ажлыг даалгах нь зөв эсэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ баяртай байна” Кике Сетьен нэгдүгээр сарын 14-нд хийлгэсэн хэвлэлийн хурал дээрээ өгүүлсэн юм.
Сетьен хөлбөмбөгчийн хувиар тоглосон хамгийн том баг нь “Атлетико Мадрид”, харин дасгалжуулагчийн хувиар бол дандаа дундаж багуудыг удирдсаар ирсэн нэгэн. Оросын элсний хөлбөмбөгийн баг гэх юмуу эсвэл Экваторын Гвинейн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж явсан нь эрхгүй нүдэнд тусна.
Испанидаа удирдсан хамгийн том баг нь “Бетис” байлаа. Мөн дасгалжуулагчийн хувиар цом өргөсөн удаагүй. Тэгээд ч өнгөрсөн улирлын төгсгөлд “Барселона” нэг ч цомгүй дууссан. Харин Сетьений хувьд Аваргуудын лигт баг нь “Байерн Мюнхен”-д 2:8-аар “уншуулсан”-ы дараагаар ажлаасаа халагдсан.
Тэгвэл “Барселона”-д зургаан сар гаруйхан ажилласан 62 настай Кике Сетьен багийн ахлагч, довтлогч Лионель Мессигийн тухайд саявтархан өгсөн нэгэн ярилцлагадаа ийнхүү дурьджээ.
“Би Мессиг дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгч гэж боддог. Өөр өөр аугаа тоглогчид байсан л даа. Гэхдээ олон жилийн турш тогтвортой сайн тоглосон амжилтыг нь харвал Месси дэлхийн шилдэг.
“Барселона”-д ажиллахыг би 15 жилийн турш хүсэн хүлээсэн. Леотой хамт ажиллах нь миний мөрөөдөл байлаа. Гэхдээ бодсноос маань нэлээн өөр, илүү хэцүү болж таарсан. Тэгээд ч Мессиг өөрчлөх гээд байдаг би хэн ч юм? Олон жилийн турш Мессиг нэг янзаараа хүлээн авсаар байгаад өөрчилж болохооргүй болгочихсон юм билээ. Тэр дуу муутай залуу. Бараг юм ярихгүй. Тэгсэн хэрнээ аливаа зүйлийг дандаа өөрт хэрэгтэй талаас нь харуулаад сурчихсан.
Халагдсныхаа дараагаар одоо л эргээд бодоход зарим тохиолдолд өөр шийдвэр гаргадаг байж дээ гэж бодох юм. Тоглолт эхлээд цагийн дараагаар нөхцөл байдлаас шалтгаалан түүнийг суулгачихмаар санагдсан үе бий. Гэвч клубын удирдлага мөн фанатууд гэж байна. Тэдэнд аль болох ая тухтай, тааламжтай байхыг би бодох ёстой болсон. Миний шийдвэрүүд бүгд Мессид тааруулсан маягтай байлаа. Мессигийн өмнүүр орж, түүний замд хөндөлссөн хэнбугайг фанатууд болон олон нийт зүгээр л үгүй хийчихнэ.
Ер нь алдартай хөлбөмбөгчид жирийн хүмүүсийнхээс өөр ертөнцөд амьдардаг. Тэдний хувьд ялалт л хамгийн чухал. Бусад бүх зүйл утга учиргүй. Тэд хөлбөмбөгийн замналаа өндөрлүүлж, хэдэн жил өнгөрсний дараагаар л амьдралыг сая байгаагаар нь харж чадах байх” хэмээн Сетьен өгүүлжээ.
Р.Гэгээ
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх