Клопп: Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн явдал 20 насанд минь тохиолдсон
Английн “Ливерпүүл”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клоппын The Players Tribune буланд нийтэлсэн өөрийн замнал, хүсэл эрмэлзлэлийн тухай нийтлэлийг хүргэж байна.
Ичмээр ч юм шиг нэгэн түүхээс эхэлье. Дасгалжуулагч болон хөлбөмбөгчдийг үзэгчид яг л бурхан шиг харж, шүтэж буйгаас би заримдаа айдаг. Христийн шашинтны хувиар би ганц л Бурхан бий гэдэгт эргэлзэлгүй итгэдэг ч тэрхүү Бурхан маань хөлбөмбөгтэй үнэндээ огт хамаагүй юм. Үнэн гэвэл бид үргэлж л алдаж, бүтэлгүйтэж явдаг. Залуухан шинэхэн дасгалжуулагч байхдаа хичнээн удаа алдсан гэх вэ дээ.
Тэдгээрээсээ нэгийг хүүрнэе.
2011 онд эргээд нэг очиж үзье. Миний “Боруссиа Дортмунд” тэгэхэд “Байерн Мюнхен”-тэй тоглож билээ. Лигийн хамгийн чухал тоглолт л доо. Мюнхенд бид ялалт байгуулалгүй 20 орчим жил болчихсон үе. Ингээд би эрч хүч, энергийг хуучны киноноос олж өгөх гэж хичээв ээ. Залуусыгаа сэргээж, ирлэх гэсэн минь тэр. Ер нь би Рокки Бальбаогийн түүхээр тэжээгддэг хүн. Роккигийн тухай дөрвөн ангит киног дэлхийн бүх улсын Ерөнхий Боловсролын Сургуулиудад үзүүлчихмээр санагдах нь ч бий. Энэ киног үзчихээд уулын оргил руу гарья гэсэн хүсэл тань бадран асахгүй юм бол таны толгой тархи нэг л биш байгаа гэсэн үг.
“Байерн”-тай тоглохын өмнөх орой би залуусаа зочид буудалд цуглуулаад яриа хийлээ. Залуус маань бүгд нааш харна. Тэгээд сүүлийн жилүүдэд бодит байдал яг ямар байгааг тэдэнд элдэв хачиргүйгээр гашуун үнэнээр нь эхлээд хэллээ дээ.
Мюнхенд “Боруссиа”-гийнхан сүүлийн удаад ялалт байгуулсан тэр үед манай багийн залуусын зарим нь живхнээсээ ч салаагүй байсныг дурьдлаа. Харин дараа нь “Рокки 4”-ийн зарим хэсгээс үзүүллээ. Иван Драготой хэсгүүдийг сайн харуулсан. Миний бодлоор дэлхийн сонгодог л доо. Драго гүйлтийн замаар хурдалж, эрдэмтэд түүний биеийн үзүүлэлт, хурдыг ажиглаж, судалдаг хэсгийг санаж байна уу? Түүнийг заагаад би хэллээ. “За, харж байна уу? “Байерн” бол Иван Драго. Тэр шилдгийн шилдэг! Сүүлийн үеийн хамгийн өндөр дэвшилтэт технологи гэсэн үг! Хамгийн шилдэг машин! Түүнийг нугалж, нугачин дарах боломжгүй.
Үүнийхээ дараа Сибирийн жижигхэн тосгоны овоохойд бэлтгэл хийж буй Роккиг харууллаа. Тэр нарс модыг унагаад уулын орой руу гаргадаг. Би залуустаа хэлж байгаа юм. “За харав уу? Энэ бол бид. Бид бол Рокки. Тийм ээ, бид жижигхэн. Гэвч бидэнд аваргын зүрх, дайчин чанар бий. Би болшгүй бүтэшгүйг ч болгож бүтээж чадна!” гэж.
Энэ маягаар би хэсэг ярилаа. Тэгээд залуусыгаа хэрхэн хүлээн авч буйг ажиглав. Би тэднийг сандал дээрээ гарч зогсоод, Сибири уулс руу гүйхэд ч бэлэн болчихсон байгаа болов уу гэж найдаж байгаа.
Гэтэл тэд маань аанай л суудгаараа сууцгааж, юу ч ойлгоогүй гэсэн харцаар өмнөөс ширтсэн хэвээр. “Энэ галзуу нөхөр юу яриад байгаа юм бол?” гэж бодож буй шинжтэй нааш харцгааж байна. Тэгэхэд би ойлгосон юм даа. “Рокки 4” дэлгэцнээ анх гарсан чинь хэдэн он билээ? 1980-аад он билүү? Харин энэ залуус чинь хэзээ төрлөө? Тэгээд би хэллээ. “За за азнаарай, залуус аа. Рокки Бальбаог мэддэг хүн байвал гараа өргөөч?” гэлээ. Хоёр хүн гар өргөж байна. Себастьян Кель, Патрик Овомойела хоёр. Бусад бүгд “Үгүй ээ, уучлаарай босс, мэдэхгүй” гэдэг байгаа.
Ингээд шал дэмий баахан зүйл чалчсан минь тодорхой боллоо. Гэтэл улирлын хамгийн чухал тоглолт тулж ирчихээд байдаг. Зарим залуусын хувьд бүр амьдралынх нь хамгийн чухал ч тоглолт шүү дээ. Гэтэл дасгалжуулагч нь тэдэнд ЗХУ-ын технологи, Сибирийн тухай 10 минутын турш орилчихдог. Ха ха ха. Итгэхээргүй байгаа биз? Үүнийхээ дараа би яриагаа дахиад л шинээр эхлэх хэрэгтэй болсон юм даа.
Амьдралын бодит түүх гэвэл энэ. Амьдрал ингэж л хөвөрдөг. Бид жирийн л хүмүүс. Заримдаа өөрөө өөрийгөө хөөдчихнө. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн аугаа үгсийг хэллээ гэж өөрөө хөөрч дэврэвч үнэн чанартаа хэнд ч хэрэггүй зүйлийг чалчсан болж таарна. Гэхдээ маргааш болж, бид шинээр сэрж, үргэлжлүүлэн зүтгэдэг. Хамгийн инээдтэй нь юу гээч? Тэр тоглолтод бид хожсон, хожигдсон эсэхийг би одоо сайн санахгүй байна. Миний багцаагаар бол 2011 оны тэр тоглолтод бид 3:1-ээр хожсон шиг санагдана. Ингээд бодохоор түүх сайхан болж эхэлж байгаа юм. Гэхдээ би эргэлзээгүй бүрэн итгэлтэйгээр бас хэлж чадахгүй байна л даа.
Хүн бүр бүх юмыг ойлгож хүлээж авдаггүйн тухай түмэн ярианы зөвхөн нэг нь энэ. Үр дүн ч мартагддаг. Бүх зүйл хоорондоо холилдож, сүлбэлдээд зарим зүйлийг бүүр түүр санадаг болно. Гэхдээ л амьдралынхаа тэр үе, энэ түүхийг би хэзээ ч мартахгүй. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Оны шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртэх нь миний хувьд нэр төрийн хэрэг. Гэхдээ шагналын тавцанд ганцаархнаа зогсох би их дургүй. Тоглогчидгүйгээр, гэр бүлгүйгээр, хөвгүүдгүйгээрээ, жирийн нэгэн байхад минь надтай хамт энэ бүхнийг эхнээс хамт эхлүүлсэн тэр хүнгүйгээр би хэн ч биш.
20 настайд минь хэн нэгэн өнөөдрийн тухай надад хэлсэн бол би яагаад ч итгэхгүй. Майкл Ж.Фокс өөрөө нисдэг тавагтайгаа нисч ирээд хэллээ ч гэсэн би хэрхэвч итгэж чадахгүй.
Миний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн үйл явдал 20 насанд минь тохиолдсон юм. Тэгэхэд би жаалхүү хэвээрээ ч гэсэн эцэг болчихлоо. Үнэнээ хэлэхэд, эвээ олохгүй л явсан үе. Сонирхогчдын түвшинд хөлбөмбөг тоглоно, өдөр нь их сургуульд суралцана. Сургуулийнхаа багт тоглохын тулд би кино архив ажилладаг байлаа. Залууст хандаж хэлэхэд, DVD биш шүү. 1980-аад оны сүүлчээр бүх кино хальсан дээр. Ачааны автомашин өглөөний 6 цагт ирж, шинэ кино буулгана. Тэр том металл хайрцагнуудыг бид зөөж оруулна. Их хүнд шүү. “Бен Гур” шиг урт кино биш байгаасай л гэж найдахаас өөр аргагүй. Хэрвээ урт кино бол тааруухан өдөр айсуйн дохио тэр.
Өглөөний 5 цагт сэрээд, архивын агуулахад очно. Өдөртөө хичээлдээ явна, орой нь бэлтгэлээ хийнэ. Дараа нь гэртээ хариад хүүтэйгээ тоглохыг хичээнэ. Ер нь амаргүй үе байсан шүү. Гэхдээ л тэгэхэд жинхэнэ амьдралын амтыг мэдэрч байжээ.
Залуугаараа хэрсүүжиж, төлөвших шаардлага надад тулгарсан юм. Найзууд маань цэнгээний газар ир гэж дуудна. Үнэндээ оччихмоор, хамт явмаар санагдана. Гэлээ ч би ганц бие залуу биш, ганцхан өөрийнхөө төлөө амьдардаггүй байсан болохоор очиж чадахгүй. Хөвгүүд маань миний ядарсныг ойлгохгүй, гэртээ ороод оройн хоол хүртэл нүдний хор гаргаад авмаар байгааг мэдэхгүй. Өөрөө амьдрал бэлэглэсэн бяцхан хүний ирээдүйн тухай бодох тусам түгшүүр төрнө. Үнэхээр хэцүү шүү. Хөлбөмбөгийн талбайд болдог зүйлсийг үүнтэй харьцуулахын ч аргагүй.
“Яагаад дандаа инээж байдаг юм бэ?” гэж зарим хүмүүс надаас асуудаг юм. Заримдаа хожигдсон ч гэсэн би инээж л байдаг. Хүүгээ төрсөн тэр мөчөөс хойш би хөлбөбмбөг бол үхэл амьдрал бус зөвхөн тоглоом гэдгийг ойлгосон. Бид хүмүүсийн амь, амьдралыг авардаггүй. Хөлбөмбөг золгүй явдал, үзэн ядалтаар гэрэлтэх ёсгүй. Хөлбөмбөг хүмүүст, ялангуяа хүүхдүүдэд баяр жаргал, цэнгэл хөөрийг өгөх ёстой.
Жижигхэн бөөрөнхий бөмбөг олон хөлбөмбөгчдийн хувь заяанд хэрхэн нөлөөлж чаддагийг би харсан. Мо Салах, Садио Манэ, Роберто Фирмино гэх мэт олон залуусын минь намтар түүх гайхалтай. Миний Германд өсвөр насандаа үзэж мэдэрсэн хүндрэл бэрхшээл бол тэдний бага, өсвөр насандаа үзэж туулсны дэргэд юу ч биш. Тэд шантарч, бөхмөөр олон зүйлтэй тулгарсан ч бууж өгөөгүй юм. Тэд бурхад биш. Бурхад биш ч гэлээ, мөрөөдлийнхөө төлөө тэмцэж зүтгэхээ болиогүй юм.
Хөлбөмбөгт 100 тохиолдлын 98-д нь азгүйтэл, бүтэлгүйтэлтэй тулдаг ч маргааш нь дахиад л хөлбөмбөгөөс таашаал мэдэрч, инээх шалтгаан гарч ирдэг. Би анхнаасаа өөрийнхөө алдаан дээр сургамж авч, түүнийгээ засахаар тэмүүлж эхэлсэн. Эхний алдаагаа бүр хэзээ ч мартахгүй.
2011 онд би “Майнц”-ыг удирдаж байлаа. Тэнд 10 жил тоглогчийн хувиар байчихаад дасгалжуулагч болсон минь тэр. Саяхан л багийн анд, найз байсан хэрнээ тэднийхээ дасгалжуулагч болчихсон хэрэг. Тэд намайг урьдынхаараа Клоппо л гэнэ.
Эхний тоглолтынхоо гарааны бүрэлдэхүүнийг зарлах цаг тулахад би бүгдийг нүүрэн дээр нь хэлье гэж шийдлээ. Гэтэл зочид буудлын нэг өрөөнд хоёр хоёроороо тоглогчид орсон болохоор миний төлөвлөгөө мулгуу шийдвэр байж л дээ. Та нар нэг төсөөлөөд үз. Би эхний өрөөнд орлоо, тэнд хоёр залуу сууж байна. Би нэг рүү нь нуруугаа харуулж зогсоод нөгөөд нь “Маргааш чи гараанд гарна” гэж хэлнэ. Тэгснээ эргэж хараад нөгөө тоглогчидл “Харамсалтай нь чи гараанд багтсангүй” гэнэ. Гараанд гарахгүйгээ дуулсан тоглогч нааш хараад “Гэхдээ Клоппо,.... яагаад?” гэж асуух үед л би хичнээн мулгуу зүйл хийж буйгаа ухаж ойлгосон юм.
Тэгээд би асуултад нь өөдтэй хариулж чадаагүй. Ганцхан л хэлэх юм бол “Талбай дээр 11-хэн л тоглогч гарна” гэх. Муу юм модон улаатай гэж би 18 тоглогчийн байрлаж буй 9 өрөө рүү дараа нь орж, нөгөөх үгээ хэлсээр явлаа. Хоёр залуу сууж байхад л “Чи тоглоно, чи үгүй” гээд л...Тэр бүрий “Гэхдээ Клоппо... яагаад?” гэх асуулттай тулж билээ. Тэгж л тарчилж явлаа шүү дээ.
Энэ бол дасгалжуулагчий ажлаа авсанаас хойшхи олон олон алдаануудын минь нэг нь. Ийм тохиолдол яах ёстой вэ? Зүгээр л цаас аваад, түүн дээрхээ арилгаад, сургамж авах л үлдэнэ. Хэрвээ та нар миний ярьсанд итгэхгүй байвал дасгалжуулагчийн замнал дахь анхны том амжилтаа сүйрлээр эхлүүлснээ нэмж яриад өгье.
“Барселона”-д 0:3-ээр хожигдоно гэдэг төсөөлж болох хамгийн муу үр дүн. Хариу тоглолтод бэлдэж байхдаа би залуустаа шулуухан л хэлсэн. Энэ удаад Рокки гэх мэт юм яриагүй л дээ. Голчлон тактик ярьсан юм. Гэхдээ би тэдэнд үнэнийг л хэлсэн. “Дэлхийн шилдэг хоёр довтлогчгүйгээрээ бид тоглох ёстой болж байна. Хожих, ялж гарах ямар ч боломжгүй гэж бүгд хэлж байна. Тэгэхээр шударга л байцгаая. Магадгүй үнэхээр боломжгүй ч биз. Гэхдээ та нар байгаа цагт бидэнд боломж бий” гэж би хэлсэн.
Энэ үгэндээ би өөрөө итгэж байлаа. Хөлбөмбөгчдийн ур чадварын тухай яриа энэ бол биш. Энэ бол хүний мөн чанар, зан төлвийн тухай яриа юм. Тэд ямар амьдрал туулж өдийг хүрэв гэдэгт хүртэл тулах яриа. Тэгээд би нэг л зүйл нэмж хэлсэн. “Хожигдлоо гэхэд хэдүүлээ сайхан тоглоод л хожигдоно шүү” гэж.
Эдгээр үгсийг амнаасаа гаргах хэцүү л байлгүй яахав. Гэвч би бол талбайн хажуугийн шугамын цаахна хашгирч зогсоо жирийн нэгэн. Хөлбөмбөгчдөд бол бүх зүйл илүү хүнд тусч байгаа. Гэхдээ цэнгэлдэхэд цугласан 54 мянган фанат, багийнхаа тоглогчдын ачаар боломжгүй зүйлийг бид биелшгүй даалгавраа хийчихсэн л юм даа. Хөлбөмбөгийн хамгийн сайхан нь юуг ч ганцаархнаа хийх боломжгүй байдагт оршдог. Итгээрэй, ганцаараа бол яаж ч чадахгүй.
Харуусалтай нь Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн гайхалтай агшныг би харж чадалгүй өнгөрөөчихсөн. Үнэхээр харж чадаагүй. Трент Александер-Арнольд суу билгээ гайхуулж өгсөн тэр булангаас гаргасан дамжуулалтыг би хараагүй. Бөмбөг гарч, булангийн цохилт заахыг л би харсан. Трент бөмбөг рүү очиж явсан, мөн Шакири очих юм шиг харагдсан. Тэр агшинд би сэлгээ хийх гээд эргээд харчихсан юм. Туслахтайгаа ярьж байтал юу болсон гэж санана...нуруугаар хүйт оргиод явчихлаа. Бөөн дуу чимээ, шуугиан хашгиралдаан. Яараад эргээд хартал бөмбөг хаалганд орсон байлоаа. Сэлгээнийхний суудал руу эргэхэд маань Бен Вүдберн “Юу болчихов оо?” гэж надаас асуухад “Мэдэх юм алга” гэж хариулж билээ.
Стадион даяар галзуурч солиорч эхэллээ. Туслахынхаа үгийг ч сонсоход бэрх. Тэр надаас “За тэгээд...сэлгээгээ хийх үү?” гэж хашгиран асуусан юм даа. Ха ха ха! Түүний хэлсэн үгийг би насан туршдаа мартахгүй биз.
Та нэг төсөөлөөд үзээрэй. 18 жил дасгалжуулагчаар ажиллаж, хэдэн сая цагийг тоглолт үзэхэд зарцуулсан хэрнээ түүхэн дэх хамгийн зэвүүн тэр мөчийг харалгүй өнгөрөөчихдөг байгаа. Тоглолтын дараа би Дивокийн тэр гоолыг би бараг 500 мянган удаа үзсэн байх. Гэвч “амьдаар” нь үзэж чадаагүй юм.
Хувцас солих өрөөнд ороод шар айраг балгах ч хэрэг надад байсангүй. Цэвэр ус гартаа атгачихаад нам гүмхэн инээмсэглэн сууж билээ. Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Гэртээ очиход гэр бүл, найз нөхөд минь бүгд хөөрөн баясч угтлаа. Тэд бүгд хөгжилдөн цэнгэлдэхийг хүсч буй нь илт. Гэтэл миний сэтгэл санаа тэр хожлын дараагаар бүр хоосорчихсон мэт болсон тул зүгээр л унтлагынхаа өрөө рүү алхсан. Бие махбодь, оюун бодол маань бүх ачааллаа авч шидээд, бүх зүйл хоосон болчихсон байв. Тэгээд энэ насандаа байгаагүй сайхан зүүдээ үзсэн дээ. Харин хамгийн сайхан нь гэвэл маргааш нь сэрээд “Энэ бүхэн үнэн юм байна. Үнэхээр ийм болжээ” гэдгийг мэдрэх байлаа.
Намайг киноноос илүүтэйгээр сэргээж, таашаал мэдрүүлдэг ганц зүйл бол хөлбөмбөгш. Өглөө сэрээд хартал ид шид биелсэн байгаа агшин. Үнэхээр чи Драгог нам цохиж чаджээ гэдгээ мэдрэх. Үнэн бодитой, бүр баараггүй болсныг ойлгох сайхаан.
Ливерпүүлийн гудамжаар Аваргуудын лигийн цомтой жагсахдаа хүртэл би үүнийг мэдэрч, бодож явлаа. Тэр сэтгэлийн их хөдлөл, хөөрлийг тодорхойлж хэлэх боломжгүй. Автобусанд суугаад хотын гудамжаар жагсаал хийж явахдаа “За тэр буланд очоод зогсоод бууна” гэж бодовч дахиж эргээд л яваад байлаа. Үнэхээр гайхамшигтай сайхан. Хэрвээ сэтгэлийн хөөрөл, баяр бахдал, аз жаргалаа бид цацаж чаддагсан бол дэлхий хавьгүй дээр, илүү сайхан болох байлаа.
Хөлбөмбөг надад сайн сайхан бүхнийг өгсөн болохоор би дэлхий ертөнцийн төлөө сайн сайхан зүйл хиймээр санагддаг. Ярих амархан, харин хийх хэцүү л дээ.
Энэ жил намайг Хуан Мата, Матс Хуммельс, Меган Рапино нар бишрүүлж, хөглөж өглөө. Мөн Commen Goal хөтөлбөрт нэгдсэн бусад олон хөлбөмбөгч чухал үүрэг гүйцэтгэлээ. 120 гаруй хөлбөмбөгч цалингийнхаа 1 хувийг дэлхий даяарх хөлбөмбөгийн байгууллагад хандивлаж байна. ӨАБНУ, Зимбабве, Камбож, Энэтхэг, Колумб, Их Британи, Герман гээдл маш олон орны хөлбөмбөгт дуртай хүүхдүүдэд тэд тусалжээ.
Хөлбөмбөг бол зөвхөн баян хөлбөмбөгчдийн зугаа биш ээ. Канадын эмэгтэйчүүдийн шигшээ баг л гэхэд энэ сайн үйлсийн хөтөлбөрт нэгдсэн байна. Япон, Австрали, Шотланд, Кени, Португал, Англи, Гана гээд олон улсын хөлбөмбөгчид нэгджээ. Ийм зүйлийг яаж сайшаан дагахгүй байж болох юм бэ? Үүний тулд л хөлбөмбөгч байгаа юм шүү дээ. Би ч гэсэн энэ хөтөлбөрийн нэг эд эс нь байхыг хүссэн. Тиймээс цалингийнхаа 1 хувийг хандивлаж эхэлсэн. Хөлбөмбөгийн ертөнцийн олон олон хүн үүнд нэгдэх болтугай. Шулуухан ярья л даа, залуус аа. Бид үнэндээ азтай хүмүүс. Бид бол хөлбөмбөгийн буянаар сайн сайхан амьдарч байна. Тиймээс дэлхийн олон улсын хүүхдүүдэдл ийм боломжийг нээж өгөхийн тулд бас сэтгэлээ нээж, гараа сунгах ёстой.
Хүнд хэцүү цаг үеэ бид мартах учиргүй. Бидний энэ амьдрал бол хөөс. Энэ бол жинхэнэ ертөнц биш. Намайг уучилна биз. Гэхдээ хөлбөмбөгийн талбай дээр болж буй явдлууд бол жинхэнэ хэцүү хүнд асуудлууд огт биш. Хөлбөмбөг гэх энэ тоглоомд амжилт, цом, орлого бус түүнээс хавьгүй эрхэм том зорилго байх ёстой.
Хэрвээ бид бүхэн дэлхий дахины сайн сайхны төлөө цалингийнхаа ганцхан хувийг өгөөд хэвшчихвэл юу болохыг та бүхэн нэг бодоод үзээрэй. Магадгүй би гэнэн цагаан юм ярьж буй мэт санагдаж мэднэ. Магадгүй би мөрөөдөлдөө галзуурчихсан хөгшиг ч байж болно. Гэвч хөлбөмбөг гэх тоглоом хэнд зориулагдсан эд юм бэ? Энэ тоглоом зөвхөн мөрөөдөлдөө дурлан тэмүүлэгчдийнх гэдгийг бид мэднэ ээ.
Р.Гэгээ
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх