Конор Макгрегор “Манчестер Юнайтед”-ыг худалдаж авна гэв
UFC-гийн дэлхийн аварга асан, ирланд тулаанч Конор Макгрегор Английн “Манчестер Юнайтед”-ыг худалдаж авах тухай твиттертээ жиргэжээ.
“Хөөе, залуус аа. “Манчестер Юнайтед”-ыг худалдаад авчихдаг юмуу! Юу гэж бодож байна?” хэмээн Конор жиргэжээ.
Европын Супер лигийг үүсгэн байгуулсан 12 клубын нэг нь “Манчестер Юнайтед” болсон ч хоёр хоногийн дараагаар Английн зургаан баг зургуулаа тус лигээс гарч буйгаа албан ёсоор зарлаж, бүх зүйл өмнөх хэвийн байдалдаа эргэн орж байна.
Гэлээ ч “Юнайтед”-ын эзэд болох АНУ-ын бизнесмэн Глэйзерийн гэр бүлийнхэн ийнхүү Супер лигт орох санаархал нь бүтэлгүйтэж, олон сая фанатын уур хилэнг төрүүлсэн учир клубыг зарж магадгүй гэж мэдээ түгэх болсон юм. Үүн дээр үндэслэн Конор Макгрегор ийнхүү наргиа маягийн жиргээ хийжээ.
Супер лигт орсон тухай мэдээлэл тарсны дараагаар “Манчестер Юнайтед”-ын хагас хамгаалагч Бруно Фернандеш “Мөрөөдлийг худалдаж авдаггүй юм” гэж дургүйцлээ илэрхийлсэн бол Люк Шоу мөн Супер лигийн эсрэг байгаагаа нуулгүй мэдэгдсэн.
Харин багийн ахлагч Харри Магуайр клубын дэд ерөнхийлөгч Эд Вүдвордын нүүрэн дээр дургүйцлээ илэрхийлсэн тухай мэдээ түгсэн. Энэ явдлын дараагаар Эд Вүдворд ажлаа өгч буйгаа зарлаад байна.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх