Цэс Close

Корона алдсан буруутан хэн бэ?

Дэлхий нийтийг айлгаж буй  коронавирус өнгөрсөн жил Хятадын цагаан сараас эхэлсэн.  Гэвч Монгол Улс 10 сарын турш дотооддоо алдалгүй барьж байв. Өнгөрсөн 11 дүгээр  сарын 10-ны үеэр манай улс дотооддоо анх алдсан. “Алтанбулаг" боомтоор орж ирж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч, 29 настай иргэнээс коронавирус илэрсэн. Халдвар тээгч Д урлагийн тоглолт үзсэн учраас тухайн тоглолтыг үзсэн хүмүүсийг эрж хайж сурцгаасан. Халдвар тээгч нь 21 хоногийн тусгаарлалтаас гараад байсан ачаа тээврийн жолооч бөгөөд гэрийн тусгаарлалтад байх үедээ гадуур хаа сайгүй  явсан нь халдвар тараах эрсдэл болсон.

Дэлхий нийтийг айлгаж буй энэ үед хөл хорионы тусгаарлалтыг сахин хамгаалах үүрэг хүлээсэн Улсын онцгой комисс гэх мэт газрууд назгайрч тусгаарлалтад байгаа хүмүүсийг хянах үүрэгт ажлаа хийж чадаагүй нь харагдана. Энэ нь хөл хорионы хяналт суларснаас манай улс анх дотооддоо алдсан нь тодорхой байна. Коронавирус орж ирэх нь цаг хугацааны л асуудал гэж яриад байсан хэдий ч түүнтэй нүүр тулахад яах вэ гэдгийг огт тооцоогүй байлаа. Чингэлтэй дүүрэгт  туршилт хийж, хөл хорио нэг өдөр тогтоож үзсэн. Гэсэн ч тэр нь ёс төдий байжээ. Эдийн засгийн болон, халдвар хамгаалал, эмчилгээний бэлэн байдалд байсан бол ингэж орж гарсан, барьцгүй буруу шийдвэрүүд гарахгүй байсан.

Үүний дараагаар “Энхсаран” сувиллын газарт голомт үүссэн талаар мэдээлэгдсэн. Одоо манай улс дотоодод 448, зөөвөрлөгдсөн 383 тохиолдол бүртгэгдсэн тоотой байна. 24 цагийн хугацаанд шинээр 12 тохиолдол нэмэгдэж байх жишээний. Улсын нийт есөн кластер голомтын  батлагдсан тохиолдолтой ойр харьцсан 4244 хүнийг тогтоож тандалт, судалгаа хийж байгаа гэж мэдээлсэн.

Нэгэнт дэлхий нийтийг айлгаж буй коронавирусийн аюулаас сэрэмжлэх, тулгарсан үед зохих арга хэмжээ авахад Засгийн газар бэлтгэлээ хангаж бэлэн байдалд шуурхай ажиллах үүрэгтэй. Цаг үеийн шийдвэр гаргаж буй тул эрх баригчид тэдний салбар яам, харьяа газруудын үйл ажиллагаанаас шууд хамаарна. Одоо цаашид яах вэ. Энэ олон голомтоор тарчихсан байхад яг хэзээ алдсан нь бас л тодорхойгүй. Хэрэв бэлтгэлтэй байсан бол бусад улсын туршлагаас суралцан ухаалаг алхамууд хийж болох байсан. Гэтэл хоорондоо авцалдаагүй, амьдралгүй шийдвэрүүд байсхийгээд гарч, барьц алдаж байна. Улсын онцгой комисс нь бид нийтийн тээврийг санал болгож байгаагүй гэчихлээ. Ингэхэд тэгээд хэн энэ бүх алдааг хийсэн юм бэ. Ямар ч эзэнгүй болчихлоо. Улсын онцгой комисс гэж Я.Содбаатараар ахлуулсан сүрхий том баг бүрдсэн. Бид тэдэнд л найдаж, тэдний л заавраар л өнөөдрийг хүргэсэн. “Ухаантнууд” бодвол зөв л чиглүүлж байгаа байх, хариуцлагатай л ажиллаж байгаа биз. Хил нь хаалттай, орсон гарсныг яс тас бүртгээд, 21 хоног хөл хорионд байлгаад, Монголд корона нэвтрэх нүх сүв үлдээхгүй манаж байгаа юм бодсон. Орж ирээгүй байхад нь хөл хорио тогтоогоод баахан сүржигнэсэн. Бүгд л дуулгавартай л дагасан.  Ажлаа аваад удаагүй хотын дарга Д.Сумьяабазар Улсын онцгой комиссоос илүү эрх мэдэлтэй л байв гэж. Д.Сумьяабазар Их хуралдаа хуулиа батлалцаад явж байхад үүнийг хариуцсан комисс, салбар байгууллагууд нь коронатай нүүр тулвал яахыгаа шийдчихсэн, гарц гаргалгаагаа олчихсон, олон улсын туршлага судалчихсан байх ёстой биз дээ.  

Монголд корона алдсан нь хариуцлага алдсаны нотолгоо. Гэнэтийн юм биш. Гэтэл тэр хариуцлагыг хэнээс нэхэх вэ. Тэр хариуцлагын талаар яагаад хэн ч ярихгүй байна вэ.   Тэр буруутнаа зарлаач.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах