Л.Оюун-Эрдэнэ төрд ажиллах хүн авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол өндөр хариуцлага хүлээхийг хуулиар нээв
2022 оны нийгэм, улс төрийн хамгийн том онцлох үйл явдал 17 хоног үргэлжилсэн иргэдийн жагсаал байв. Эргэн сануулахад, иргэдийн зүгээс дараах шаардлагуудыг Засгийн газарт тавьж, төв талбайд тайван замаар жагсаал эхэлсэн. Нүүрсний хулгайн хэргийг цэгцэлж, олон нийтэд нэрсийг ил болгох, Авлига нэмж, улсын төсөв болон байгалийн баялгаас хулгай хийсэн хэргүүдийг шалгаж холбогдох албан тушаалтнуудыг албан тушаалаас чөлөөлөх, Тогтолцооны өөрчлөлт хийх зэрэг ерөнхий шаардлагууд багтсан.
Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзаж, тэдний шаардлагыг хүлээн авч, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар яаралтай горимоор авлига, албан тушаалын хэрэгт холбогдож буй албан тушаалтнууд торгууль төлөөд, хялбаршуулсан журмаар шийдэх биш, харин хариуцлагыг нь нэмэгдүүлэх заалттай хуулийн төслийг УИХ-аар батлуулсан. Тэгвэл энэ хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр 2023.01.20-ноос хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Энэхүү хуульд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон хамгийн чухал заалт бол олон тэрбумын авлига авсан ч хэргээ хүлээж, хуулийн байгууллагатай хамтарч ажилласан бол хялбаршуулсан журмаар зөвхөн торгууль төлөөд өнгөрдөг заалтыг бүрэн хассан. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ял эдлүүлэхгүй гэсэн үг. Авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байх, авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар зааж, ял наймаалцахгүй болж байгаа юм. Түүнчлэн Эрүүгийн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ гэсэн заалтыг ч оруулж өгсөн юм. Ямартаа ч цаашид төрд хулгай, авлига албан тушаалын олон гэмт хэрэг үйлдэгдэхгүй, төрд ажиллах хүн авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол өндөр хариуцлага хүлээх боломжийг энэ хуулиар нээлээ.
Сэтгэгдэл үлдээх