Л.Оюун-Эрдэнэ: 46 мянган иргэн ковидын улмаас нас барж болзошгүй байлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны улсын төсвийн төслийг танилцуулах үеэрээ, "Миний бие ерөнхий сайдын ажлыг аваад 8 сар болсон байна. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы индэр дээрээс хоёр дахь удаагаа үг хэлж байна. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавих нь зүйтэй болов уу.
Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц бол бүх нийтийг хамарсан вакцинжуулалтыг цаг алдалгүй зохион байгуулах байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь вакцинд хамрагдаад байна. Харин манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 мянга гаруй хүнийг дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамрууллаа.
Өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлсэн байна. Түргэн шуурхай хугацаанд арга хэмжээ авч ажиллаагүй бол өнөөдөр 46 мянган хүн ковидын улмаас амь үрэгдэж магадгүй байлаа. Харин цар тахлын улмаас амиа алдсан 2,000 орчим иргэнд Засгийн газрын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх