Л.Энх-Амгалан: Дипломыг хуурамчаар үйлддэг, баталгаажуулдаг, системд бүртгэдэг сүлжээ үүссэн байх магадлалтай
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуурамч дипломтой багш нарын асуудлаар мэдээлэл хийлээ. Нийт 59 мянган багшийн дипломд шалгалт хийхэд 442 хуурамч диплом илэрч, 2000 сэжигтэй диплом байгаа гэсэн үр дүн гарсан тухай мэдээллээ.
Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтыг зургаан сарын турш хийсэн бөгөөд хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.
Тухайлбал...
Нэгдүгээрт, Дипломын дугаар давхацсан 454 байна. үүнд овог нэр регистрийн дугаар өөрчилсөн зэрэг зөрчил байна.
Хоёрдугаарт, Боловсролын бүртгэлгүй дипломын зөрчил 139 байна. Өөрөөр хэлбэл тухайн жилүүдэд их дээд сургуульд хуваарилагдаагүй, бүртгэлд огт байхгүй дугаарыг бичиж хуурамч диплом дээр дугаар олгосон гэсэн үг. Ингэхдээ Боловсролын яамнаас олгогдоогүй, хүчингүй болсон дугаарыг ашиглаж үйлдэгдсэн байна. Жишээ нь, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D201305131 дугаартай дипломыг гурван хүнд давхардуулан олгосон байна. Энэ бол дуурайж үйлдсэн гэсэн үг.
Гуравдугаарт, Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаа зөрчил байна. Энэ бол диплом олгодог буюу төгсөлтийн тушаалгүй мөртлөө диплом бичээд өгчихдөг “Газарчин” дээд сургууль гэх мэт. Тухайлбал, Завхан аймгийн нэг суманд долоо, хамгийн ихдээ 20 гаруй магистрийн дипломыг суралцаагүй хүүхдүүдэд олгосон байна.
Дөрөвдүгээрт, Төгсөгчдөд олгосон бичиг баримтууд Боловсролын яамны дээд боловсролын системд хуурамч буюу зөрчилтэй дипломын шивэлт хийж баталгаажуулдаг. Гэтэл түүнийг албажуулж, баталгаажуулсан хууль бус асуудал гарсан.
Ерөнхийдөө нэг хэсэг нь хуурамчаар үйлддэг, нөгөө хэсэг нь баталгаажуулдаг, түүнийг системд бүртгэдэг сүлжээ үүссэн байх магадлалтай гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр... "Бид ямар ч байсан 724 диплом зөрчилтэй гэдгийг албан ёсоор зарлаж байна.Боловсролын салбар шударга, тунгалаг байх ёстой. Үр хүүхдийнхээ ирээдүйг дипломын зөрчилтэй багш нарт даатгаж болохгүй гэж сайдын хувьд үзэж байна. Тиймээс албан ёсоор уучлал хүсч байна. Үүнийг шалгах ёстой. Энэнээс үүдсэн хор хохирлыг мөнгөөр үнэлж болохгүй. Эмч хүн алдаа гаргавал нэг л хүний амь насанд эрсдэл үүснэ харин багш хүн алдаа гаргавал олон мянган хүүхэд хувь заяагаараа тоглогдож үлдэх учир бид боловсролын салбарт нүүрлээд байгаа энэ асуудлыг арилгахаас өөр арга байхгүй. Хамгийн аюултай нь дээрх зөрлүүдийн ихэнх нь цэцэрлэг, бага ангийн багш нар байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх