Цэс Close

Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч өө үндэсний баялаг бүтээгчидтэй сүүлийн 10 жил хийсэн дайн тулаанаа зогсоо

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан  “Сүүлийн 10 жил үндэсний баялаг бүтээгчидтэй хийсэн дайн тулаанаа зогсоо” гэж  мэдэгдэж түүнд хандан дараах үгийг хэлж байв.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Та бол Монголын ард түмний Ерөнхийлөгч. Үндэсний эв нэгдлийг сахиулах тангараг өргөж, үүрэг хүлээсэн хүн. Өнөөдөр Женко группийн ерөнхийлөгч биш. АН-ын Ерөнхийлөгч биш. Монголын Ерөнхийлөгч. Үүнийгээ ухаж ойлгомоор байна. УИХ-ын чуулган дээр орж ирчихээд микрофон ашиглаад УИХ-ын гишүүдийн нэр хүндэд халдаад сууж байж болохгүй шдээ. Ямар их өшөө, яасан их хорсол вэ?

Үндэсний баялаг бүтээгчидтэй сүүлийн 10 жилийн хийсэн дайн тулаанаа зогсоо. Одоо боль. Таны гацаасан төмөр зам 2012 онд ашиглалтад орсон бол өнөөдөр жилд 5 сая тонн нүүрс экспортлох, 20 жилд 100 сая нүүрс экспортлох боломжоо алдсан. Энэ бол 10 тэрбум ам.долларын боломжоо алдчихсан. Монголын эдийн засгийг хоёр дахин том болгох боломжийг Та үгүй хийсэн шүү. Үүнийг би алдагдсан боломж гээд байгаа.

Өнөөдөр Монгол Улс өрийн дарамтад орчихлоо. Энэ Үндэсний аюулгүй байдлын асуудал мөн үү? Өнөөдөр 120 хүн тутмын 10 хүн нь ажилгүй байна. Энэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал мөн үү? БНСУ-ын Элчин сайдын яаман дээр өдөрт 1000 залуу өргөдлөө өгч байна. Би таныг хориг тавьдаг Ерөнхийлөгч байгаасай гэж хүсэхгүй байна. Таныг хөгжил дэвшил ярьдаг Ерөнхийлөгч байгаасай гэж хүсч байна. Монгол Улс төрийн тогтворгүй байдалтай орнуудын жагсаалтад орчихсон. Дайн тулаантай, шашины мөргөлдөөнтэй улс орнууд тогтворгүй байдалтай байдаг. Гэтэл бидэнд дайн тулаан, шашны мөргөлдөөн байхгүй байж яагаад улс төрийн тогтворгүй байдалтай орнуудын жагсаалтад орчихвоо.

Э.МӨНХ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах