Манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна
Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.
Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдууж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.
Мөн малчны хоршоонд нэгдсэн иргэнд арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, түүнийг зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах, анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлж тодорхойлох, малын тэжээл тарих нөхцөлийг бүрдүүлэх, хуулийн дагуу үзүүлж буй дэмжлэгт хамрагдсан малчин, малчны хоршооны хүлээх үүргийг тусгасан байна.
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна
Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.
Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр. Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна.
Гепатитийн D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан.
Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитийн D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн 9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.
Товч мэдээ
· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
· Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.
· Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
· “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.
Сэтгэгдэл үлдээх