Цэс Close

Месси клубын шинэ ерөнхийлөгчдөө ямар шаардлага тавив?

Лионель Месси энэ зун “Барселона”-гаас явах эсэх тухай яриа одоогоор Аваргуудын лигийн шуумд дарагдаад байгаа ч эргэн “өндийх” нь гарцаагүй. Учир нь тэр үнэгүйгээр өөр багт очих эрх нь нээгдсэн.

Хэдийгээр Лионель Мессигийн цалинг төлж дийлэх баг хуруу дарам цөөн ч гэлээ спортын ч, маркетингийн ч хувьд маш сайн нүүдэл болох тул багууд авдраа уудлахаас бас буцахгүй.

Гэвч Испанийн “Барселона” шинэ ерөнхийлөгчөө сонгож, хэдэн жилийн өмнөх тэргүүн Жоан Лапортагаа буцаагаад тавьчихсан учир Мессиг үлдээж чадна гэж найдаж байгаа юм. “Барселона”-г гэсэн зүрх сэтгэлтэй зарим хүмүүс Мессиг өвлийн наймааны цонхоор зарах нь зөв гэж үзэж байсан бол одоо үнэгүй болсон учир үлдээх нь л зөв гэж тооцож байна.

Гэлээ одоо бүх юм Лионель Мессигийн гарт. Өнгөрсөн зун амралтаасаа дуулиантай факс илгээж, багаас явахыг хүсч буйгаа илэрхийлсэн ч гэрээний заалт, хариуцлага ярьсаар үлдээсэн бол энэ удаад аргентин довтлогч зөвхөн өөрийн дураар шийдэх бүрэн эрхтэй.

Тиймээс ч Лионель Месси багтаа үлдээе гэж байгаа бол дараахь гурван үндсэн шаардлагыг биелүүлэхийг хуучин мөртөө шинэ ерөнхийлөгч Жоан Лапортад тавьсан гэж зарим хэвлэлд дурьджээ.

  1. Наймааны бодлогоо маш тооцоо сайтай хийх. Дор хаяж нэг маш өндөр зэрэглэлийн тоглогч авах.
  2. Академийнхаа хөлбөмбөгчдөд илүү итгэл үзүүлж, тэднийг тойруулан шинэ баг босгох.
  3. Клубын удирдлагатай шууд амьд харилцаатай болох. Тухайлбал, спортын албаны захирал Рамон Планес болон клубын ерөнхийлөгч Жоан Лапортатай хөлбөмбөгчид нээлттэй чөлөөтэй харилцдаг болгох... гэсэн гурван шаардлага Месси тавьсан сурагтай.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах