МИАТ инфлүүзер жаалыг эрхлүүлэх албатай ч биш

МИАТ компани манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг хангах зорилт тавьжээ. Чихэнд чимэгтэй энэ үгийг хэлсэн хүн нь тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир. Уул уурхайн салбараас эдийн засаг нь голдуу хамаарч байгаа манай улсад ийм мэдээлэл сонсох нь таатай.
Улстөржилт, утаа, уур бухимдлын хажуугаар заримдаа ч гэсэн чих сортойлгох мэдээлэл таатай. Ингэхэд МИАТ-ын өнөөгийн нөхцөл ямар байна. Үнэхээр захирлынх нь хэлж байгаачлан тэр зорилго биелэх боломж хэр байна.
Ковидын үеэр үндэсний үйлдвэрийн гурилтай, малчдын гар дээрээс авч буй махтай байгаадаа бид баярласан. Өмнө нь төдийлөн чухалчлан анхаарахгүй явж ирсэн өдөр тутмын хэрэглээт зүйлсээ хил хаагдаад хүнсний бүтээгдэхүүн ч үгүй болох үест жинхэнэ утгаар нь хэрэг ашгийг нь мэдэрсэн. Энэ үед бусад чиглэлийн том компаниудаас хамгийн талархал хүлээсэн нь МИАТ л байсан даа. Юм амархан мартагддаг. Тэр үед гадаадад гацсан ах дүү, хамаатан садан минь тусгай үүргийн нислэгээр ирэхэд агаарын тээврийн үндэсний компанитай байгаа нь сайхан юм аа гэцгээсэн. Мэдээж бүх зүйл төгс байна гэж үгүй болохоор шүүмжлэл байсан ч эерэг тал нь зонхилсон. Тэр үед олон улсын авиа компаниуд ч хүндхэн нөхцөл байдалтай байлаа. МИАТ тэр үеийн алдагдлаа хэрхэн нөхсөн юм бол. Цар тахлын үеэр учирсан санхүүгийн алдагдлыг ердөө 1 жилд буюу 2022 онд бүрэн нөхөж, тухайн онд 37 тэрбум, 2023 онд 52.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж чаджээ. Гэтэл өнөөдрийг хүртэл дэлхийн агаарын тээврийн салбар цар тахлын өмнөх хэмжээнд бүрэн хүрч чадаагүй хэвээрээ л байна.
Олон улсад ч бас нэр хүнд нь дээшилж л явна. Дэлхий даяар агаарын тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, үнэлгээ өгдөг Их Британийн “Skytrax” компани энэ онд хамгийн өндөр ахиц дэвшил гаргасан 10 агаарын тээвэрлэгчийг нэрлэсний 7-д МИАТ бичигджээ. МИАТ Боеинг 787-9 агаарын хөлөгтэй болсноор Истанбул, Франкфурт зэрэг холын зайн нислэгүүдээ илүү тав тухтай үйлдэх боломжтой болсны дээр орон нутгийн болон олон улсын нислэгүүд нэмэгдэж, цар хүрээгээ тэлж хурдацтай ахиж дэвшиж байна гэж тэд дүгнэж. Мөн “Нэгэн цагт жижиг агаарын тээвэрлэгч гэгддэг байсан МИАТ компани өдгөө дэлхийд танигдсан том тоглогч болох алхмаа эхлүүлжээ” гэсэн нь таатай.
Дурдагдаад байгаа Боeинг 787-9 Dreamliner маягийн өргөн биет агаарын хөлгийг 2023, 2024 он дараалан нэг, нэгийг авч, үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Орчин үеийн багтаамж сайтай хөлгөөр холын зайн нислэг хийх боломж бүрдэж, АНУ болон тив дамжсан шууд нислэг хийх бэлтгэл хангаад буй нь бас л сайхан үр дүн юм. Үндэсний агаарын тээврийн хөлгөөрөө нисэж очих улс маань улам л олон болсоор. Ойрхны жишээ хэлэхэд Сингапур руу арваннэгдүгээр сараас МИАТ шууд нислэг үйлдэх бол АНУ, Австрали руу ч удахгүй л гээд байгаа. Оюутнууд ирж, очих үеэр тийзээ хямдруулж, бусад үед ч байнга хөнгөлөлт зарлаад л МИАТ хичээгээд л байгаа юм.
МИАТ-ийн талаар сайн мэдээ явахаар тоож анзаардаггүй хэрнээ, өчүүхэн шүүмж явахад л сошиал даяараа давалгаалдаг. Транзитаар нисэж буй гадаад иргэд ч тийзийн үнэ хямд, бас хоол нь амттай гэж магтсан л харагдана лээ. 2023 онд транзитаар 13800 зорчигч, 2024 онд 35000, энэ оны эхний 9 дүгээр сарын байдлаар 50000 хүрсэн нь боломжийн өндөр үзүүлэлт. МИАТ-ийн хоолны талаар гадаадын аялагч магтаж байхад дотоодын аялагч нар үе, үе шүүмжилсэн нь нийтийн сүлжээнээс анзаарагддаг. Дотоодын аялагчид маань юухнаас өө олчих гээд л үзнэ шүү дээ. Бусад улс орны иргэд нэгдэж чаддаг, улс орныхоо сайн сайхныг магтаж чаддаг. Манайхан бол агуу шүүмжлэгчид. Өндөгнөөс ч өө олоод хэлчихэж чадна. Дэлхийн шүүмжлэгчдийн аварга шалгаруулвал түрүүлэх нь гарцаагүй. Сайхан бүсгүй байвал элдвээр хэлнэ. Сайхан төрснийхөө төлөө тэр аль хэдийн үзэн ядалтын бай болж, өөрөө яаж ч хичээсэн хэн нэгэн ивээн тэтгэгчийн хүчээр өсөж өндийсөн гэж гүтгэгдэнэ. Улсынхаа аль олигтой компаниудыг бүгд үзэн ядна. “Энэ яахаараа дандаа ялж байдаг юм. Луйвардсан байж таарна” гээд л эхэлнэ шүү дээ. Хүний нутагт очоод монголчууд ажиллахаараа хүнд хүчрийг даван хэл ам гаргалгүй сайн ажиллана. Монголдоо бол яаж ийж байгаад л ажил олгогчоо өөнтөглөхөө андахгүй. Өөрийн юм өргүй гэдэг шиг л өөрийн улс орны ямар ч юманд хатуу сэтгэлээр хандаад байна уу даа.
Энд бас нэг зүйл дурдах хэрэгтэй санагдав. Нисэх буудал дээр ямар нэг асуудал гарвал шууд л МИАТ гэж хаяглаад зүхэж эхэлдэг. Тэнд нисэх буудлынхан, хил гаалийн ажилтнууд гээд тус тусдаа чиг үүрэгтэй олон байгууллагууд байдаг. Нисэх дээр байгаа хүн бүр МИАТ-ийнх биш гэдгийг мэддэггүй юм уу, мэддэг ч МИАТ дээр хаяглаж муулмаар санагддаг юм уу, хачин үзэгдэл газар аваа юу даа. Хил гаалийн ажилтан ааш авир гаргасан байхад “МИАТ-ийнхэн зорчигчдоо доромжиллоо” гэсэн утгатай мэдээлэл явахыг харсан. Сайтар анзаарвал энгэрт нь хилийн ажилтны үнэмлэх, ханцуйн дээр нь томоос том таних тэмдэг болох лого нь байхад л МИАТ-ийнхнийг буруутгасан мэдээлэл сошиалаар нэг тарлаа шүү дээ. Хэвлэлүүд хүртэл тэрийг нь түгээж байгаа харагдах юм. Тэр талаас нь харвал хөөрхий МИАТ хэлмэгдээд ч байх шиг.
Би аялах дуртай хүмүүсийн нэг. Бусад улс орны авиа компаниудын онгоцонд өгдөг хоолноос МИАТ-ийнх илүү гарна уу гэхээс дутахгүй. Үнэнийг үнэнээр нь хэлчихээр магтлаа, шагшлаа, захиалгатай энэ тэр гээд бас л шүүмжилнэ. Заавал муулж байх албагүй л дээ. Болдогсон бол юм бүрийг муугаар хараад байдаг нүд, үргэлж таагүй муу зүйл ярьж байдаг амыг нь ариун усаар угаалтай билээ. Саяхан сошиалд нэг залуу МИАТ-ийн хоол арай дээрдээ юу даа гээд зураг оруулж. МИАТ-ийн онгоцонд зорчиж яваа бололтой. Харин нэрт нийтлэлч Баабар “Онгоцонд хоол идэх гэж л суудаггүй” гэж сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Нээрээ л зорьсон газартаа очих гэж онгоцонд суучихаад заавал нэг муулах юм хайгаад байдаг нь хаашаа ч юм. Тэгээд ч үндэсний компаниа муучилдаг, гадаад гэхээр амаа олохгүй шагширдаг чинь тэртээ XX зуунд ул болон үлдчихсэн. Үнэндээ юм үзээгүй байсны л шинж шүү дээ.
Саяхан аялагч, инфлүүзер залууг Хятадын визгүй бол нислэгт суулгахгүй гэж бүдүүлэгтлээ гэж хэсэг шуугив. Цахим сүлжээнд хэдэн сая дагагчтай тэр залуу Монголд аялчихаад буцах замдаа Хятадад хэд хоноё гэж бодсон юм байх. МИАТ-ийн онгоцонд суух гэтэл Хятадын визтэй эсэхийг нь шалгааж, оруулах боломжгүй гэж нэг ажилтан нь хэлж, зохион байгуулагч нь үүнийг баталж. Манайхан ч хэл амаа билүүдээд ороод ирэлгүй яахав. Хаа холын нэг жаалхүү эх орныг нь муулж байвал алга ташаад л дэмжээд орж ирэх шүүмжлэгчид манайд хаана мундахав. Ядаж үндэсний компаниудаа дорд үзэх дуртайг хэлэх үү, учрыг нь олж хужрыг нь тунгаахаас илүүтэй нөгөө хүний үгээр л асуудалд хандаж байгаа харагдана лээ. Хэдэн мянган хүн зорчиж байхад бүгд 100 хувь сэтгэл хангалуун байна гэж юу байхав. Асуудал таригч ч бий, өөнтөглөгч нэгэн ч таарна.
Хил гааль дээр хамаг юмаа онгичуулан, ажилтнууд нь дээрэнгүй, дээрэлхүү хандах зэрэгтэй бол аялж үзсэн хүмүүс таарч л байсан байлгүй. Бас болоогүй зарим авиа компанийн үйлчилгээ авах юмгүй байх нь ч бий. Усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр хэлснээр нь л ёслон биелүүлээд явдаг. Дамжин өнгөрөхдөө виз шаардах ёстой бол шаардаа л биз. Тийм ёс журам байдаг бол тэрийгээ шаардах нь зүйн хэрэг. Эрхбиш тусгаар тогтносон улс байна даа. Аль нэг улсын инфлүүзер нэртэй жулдрайнуудад бүгдэд таалагдах албагүй л дээ. Эх сурвалжаас сонссон мэдээллээр бол МИАТ-ээр дамжин Хятад руу орсон гадаад иргэнээс болж Монголын тал төлбөр торгууль төлж байсан удаатай юм билээ. Нэг бүдэрсэн чулуундаа хоёр бүдэрнэ гэж юу байхав. Зохих шаардлага тавьсан хэрэг л дээ.
МИАТ 2023 онд 9 аймгийн чиглэлд орон нутгийн нислэгийг сэргээсэн нь сайн хэрэг. Харин тийзний үнэ дээр хүмүүсийн байр суурь янз бүр л байдаг юм билээ. Дэлхийд танигдсан том тоглогч болохоороо дотоод нислэгтээ байгаа асуудлыг анхаарах биз гэж найдна.
Нэг жилийн дотор 1 сая дахь зорчигчоо тээвэрлэсэн анхны он нь 2024 байсан нь түүх болсон. 2025 онд 1.3 сая гээд л зорчигчийн тоо бас ачааны үзүүлэлт нэмэгдэж, олох орлого ч нэмэгдэнэ гэж тэд тооцож байна. МИАТ сүүлийн таван жилийн байдлаар улсын төсөвт 130 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Тиймээс ч Б.Мөнхтамир захирлын хэлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувийг хангана гэдэг үг мөдхөн биелэх байх гэж найдна. Эдийн засагт үр өгөөжөө өгч, татвар бүрдүүлдэг үндэсний компаниуддаа эерэг үг хааяа ч болов хэлж байя. Алийн болгон нар өөд харуулахгүй муулж, гоочилж байх вэ.
Мөн МИАТ-ийг хувьчлах тухай яриа байсхийгээд л гардаг. МИАТ-ийн одоогийн удирдлагын яриад байгаа IPO зарлавал үр ашигтай байх тухайд санал нийлмээр санагдсан. Хувьцаа эзэмшигчид олон болоод ирэхээр хяналт сайжирч, тэр хэрээрээ үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлт ч илт нэмэгдээд ирдэг. Улс орон маань хөгжөөсэй гэж бодож байгаа бол ядаж эерэг байж сурмаар байна. Бүх зүйл болж бүтэхгүй байгаа мэт ёрын үгс нийтийн сүлжээнд түгээж суухад яаж үйлс нь бүтэх билээ. Амны билгээс ашдын билэг гэдэг чинь зүгээр ч нэг үг биш. Битгий өөрийнхөө тухай муу хэлж бай, тэрийг бусад нь хийчихнэ гэдэг шиг үндэснийхээ компанийг үзэн ядах хэрэггүй. Сайн зүйлийг сайнаар нь хэлчихэж бай. Тэнд ажиллаж байгаа хүмүүс сэтгэл хангалуун байг. Тэд сэтгэл хангалуун байвал ажлаа илүү сайн хийнэ. Тэдний ажил сайн бол бидний Монголын авиа компанийн үйл ажиллагаа улам сайжирна. Сая тэр америк жаалын зоргоор муулахыг сонсоод тэссэнгүй, хэдэн үг тэрлэв.
Сэтгэгдэл үлдээх