УИХ: Монголбанк хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээг хэсэгчлэн сунгажээ
Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийн дагуу банкуудад “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны 4 дүгээр сарын нэгэн хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийджээ.
Ингэснээр банкуудад зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд багасгахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдэх боломжийг нээлттэй үлдээлээ. Зээлийн чанарын ангиллыг багасгах хугацаа хэтэрсэн хоногийг /90 хоног болгосон байгааг/ энэ оны 8 дугаар сараас 75 хоног, 2021 оны 10 дугаар сараас 60 хоног, 2021 оны 12 дугаар сараас 45 хоног, 2022 оны 2 дугаар сараас 30 хоног, 2022 оны 4 дүгээр сараас 15 хоног болгож, хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр зохицуулав.
Түүнчлэн банкуудад түр хугацаанд мөрдүүлж байсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа, экспортын аккредитивт хамаарах хөнгөлөлттэй зохицуулалтыг хэвийн горимд шилжүүлснийг төв банк мэдээллээ.
Банкуудад хяналт шалгалтын хүрээнд мөрдүүлж буй дээрх журам, зааварт түр хугацааны хөнгөлөлттэй зохицуулалтыг хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг багасгах, төлбөрийн чадварыг хангахад эерэг нөлөө үзүүлэх аж.
Монголбанкнаас банк санхүүгийн салбарт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад шаардлагатай арга хэмжээг улс орнуудын туршлага, банкны болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн авч хэрэгжүүлэх хүрээнд банкууд нийт 181,783 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөх нөхцөлд өөрчлөлт оруулаад байна.
Монголбанк цаашид хөнгөлөлттэй зохицуулалтын төлөвлөгөөнд цар тахал болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр зохих тохируулга хийнэ. Энэ нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг багасгах, төлбөрийн чадварыг хангах, эрсдэл хуримтлагдах, эрсдэлээс хамгаалах нөөц, хөрөнгийн хуваарилалтыг зохистой түвшинд хадгалах, төлбөрийн чадварын дарамт үүсгэхгүй байх зорилттой уялдана гэжээ.
Сэтгэгдэл үлдээх