Монголчуудын өв соёлыг сэргээх “Нөхөн олговор олгох тухай” хууль өргөн баригджээ
Аливаа улс орны хүчирхэг байх эсэх нь нийгмийн оюун санааны нэгдмэл байдал, өвөг дээдсээс хадгалж ирсэн үнэт өвийн уламжлал байдаг.
Үүний нэгэн тод жишээ бол өнгөрсөн жил Францын Парисын эх дагинын сүм шатахад дэлхийн нийтээрээ эмгэнэн харамсаж өдрийн дотор л сүмийг сэргээн босгох хандив мөнгө 270 сая еврод хүрч байсан нь хүн төрөлхтний хувьд биет болон биет бус өв соёл нэн чухал болохыг харуулсан юм.
Монголчууд хүртэл энэхүү түүхэн дурсгал тээсэн өв соёлыг хамгаалан авч үлдэхийн төлөө эх орноосоо санаа зовнин суусан нь саяхан. Тэгвэл монголчууд XX зуунд 1937 оны их хэлмэгдүүлэлтээр дэлхийд гайхагдах өв соёл, ном судар, эртний түүх дурсгалт 750 гаруй сүм хийд, хийдээ дагасан боловсрол, эрүүл мэнд, урлаг, гоо зүйн эх мэт маш олон биет болон биет өв соёлоо хайр найргүй устгуулан хэмхчүүлсэн гашуун хувь заяаг туулсан ард түмэн.
Хэрвээ энэ их өв соёл устаагүй бол монголчууд өдгөө хүчирхэг, баян, оюун санааны үнэт зүйлстэй байх байсан ч үздэг.
Өчигдөр УИХ-ын нэр бүхий 54 гишүүн “Нөхөн олговор олгох тухай” хуулийн төсөл өргөн барьсан нь цаг үеэ олсон нэн чухал хуулийн төсөл боллоо. Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэж бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.
С.БАЯРЦЭЦЭГ
Сэтгэгдэл үлдээх