Монголын усан спорт сонирхогчдын холбооны IV их хурлыг ирэх зургаадугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ
Монголын усан спорт сонирхогчдын холбоо/ МУССХ/ -ны Удирдах зөвлөлийн ээлжит бус Хурал 2022.05.10-ны өдөр болжээ. Улмаар тус холбооны IV их хурлыг ирэх зургаадугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болсон талаар өөрсдийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна.
Тодруулбал, МУССХолбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан онлайн болон биетээр нийт 11 гишүүд оролцож Хурал хүчин төгөлдөр болсон бөгөөд дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
1. МУССХолбооны IV Их Хурал 2022.06.10-ны өдрийн 10 цагт, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Ауруг паласын хурлын танхимд хуралдахаар тогтож батлав.
2. Монголын Үндэсний Олимпийн Хорооноос Спорт байгууллагуудын Их Хурал хийх зөвлөгөө авсаны дагуу Холбооны IV ээлжит Их Хурлын сонгуулийн үйл ажиллагааг хариуцан ажиллах хараат бус, бие даасан комиссыг баталж, томилов.
3. Холбооны дүрэмд, нэмэлт өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий комиссыг батлаж, томилов.
4. Холбооны удирдлагын багт нэр дэвших иргэнд тавигдах шаардлагыг доорх байдлаар батлав. Үүнд:
4.1. Монгол Улсад усан спортыг хөгжүүлэх, МУССХолбооны гишүүд, тус спортын тамирчид, сонирхогчдын эрх ашгийг хамгаалах, Холбооны эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэн ажиллах, Холбооны дүрэм, журмыг чандлан сахих чин эрмэлзэлтэй этгээд байх;
4.2. Урьд нь МУССХолбоо болон бусад спортын хороодод сонгуульт буюу бусад албан тушаал хаших хугацаандаа аливаа ёс зүйн болон санхүүгийн зөрчил гаргаж байгаагүй этгээд байх;
4.3. Нэр дэвшигчид нь Холбооны Удирдах зөвлөлийн 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн №2 тогтоолоор тогтоосон гишүүний татварыг сонгуульт хугацаанд бүрэн төлөх буюу 4 жилийн хугацаагаар тооцон Холбооны Худалдаа хөгжлийн банкин дахь /450014950/ тоот төгрөгийн дансанд байршуулсан байх.
Дэлгэрэнгүй мэдээлэл асууж тодруулах зүйл байвал МУССХолбооны Ажлын Алба ЕНБД-тай холбогдоно уу.
эх сурвалж: Mongolian Amateur Swimming Federation
Сэтгэгдэл үлдээх