Цэс Close

Монгол, Австри, Герман, Дани болон Франц уран бүтээлчдийг багтаасан жазз оркестр Улаанбаатар, Дарханд тоглолтоо хийнэ

Blue Sky Messengers төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар болон Дархан хотод тоглолтоо хийх гэж буй талаараа өнөөдөр мэдээлэв.

Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдэл(EUNIC), Монгол болон Европ, Монголын түншүүд хамтран зохион байгуулж буй энэхүү тоглолтын бүрэлдэхүүнд Ольборг, Парис, Мюнхен, Клагенфурт болон Улаанбаатар хотын хөгжмийн сургуулийн оюутан, төгсөгч, багш нар багтжээ.

Өөрөөр хэлбэл Монгол, Франц, Австри, Дани болон Герман улсын уран бүтээлч залуус оролцож, өөрсдийн орны соёлын онцлогийг шингээсэн хөгжмийн бүтээлээ толилуулах юм.

Тэд энэ сарын

  • 23-нд Дархан хотын Соёлын төвд,
  • 29-нд Улаанбаатар хот дахь Битлзийн талбайд,
  • 30-нд Монгол Улсын Филармонид,
  • 31-нээс есдүгээр сарын 2-нд Fat Cat жазз клуб зэрэг газруудад тоглолтоо хийнэ.

Энэхүү төслийг EUNIC, Герман-Францын соёлын сан, EUNIC Монголын гишүүн байгууллагууд, Улаанбаатар хотын Аллианс Франсез, Бээжин дэх Австрийн ЭСЯ, Бээжин дэх Данийн соёлын институт болон Монгол дахь Гёте-Институт нар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр санхүүжүүлжээ.

Blue Sky Messengers төслийн түншээр Франц улсын Парис хот дахь Дидье Локвудын нэрэмжит Хөгжмийн төв, Австри улсын Клагенфурт хот дахь Густав Махлерын нэрэмжит Хөгжмийн их сургууль, Улаанбаатар хот дахь Монгол Улсын Консерватори, Германы Мюнхен хот дахь Хөгжим, театрын урлагийн их сургууль, Дани улсын Ольборг хот дахь Эзэн хааны нэрэмжит хөгжмийн академи мөн Монгол Улсаас Жазз Лаб ТББ, GMUB ТББ, Fat Cat жазз клуб, Монгол Улсын Филармони, Улаанбаатар хотын захиргаа, Ерөө Лодж, Дархан хотын Залуучууд театр MNB World зэрэг байгууллагууд оролцож байна.

 

Эх сурвалж:  Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах