Цэс Close

Монгол-Британийн дугуй ширээний 15-р уулзалт Лондон хотноо амжилттай болж өндөрлөлөө

Монгол Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо болж өндөрлөлөө. Уулзалтыг Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст нар тэргүүлжээ. Талууд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, боловсрол, бизнесийн салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах зэрэг асуудлаар  өргөн хүрээнд хэлэлцлээ.

May be an image of 3 people

Монгол Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтын үеэр талууд  хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд идэвхтэй өрнөж байгааг онцоллоо. Түүнчлэн талууд харилцаагаа “Иж бүрэн түншлэлийн түвшин”-д хүргэх боломжийн талаар хэлэлцсэн байна. Монгол, Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтаар эзийн засгийн хамтын ажиллагааг сайжруулж, хоёр улсын худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх, эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр эхлүүлэх зэрэг олон талын асуудлаар санал солилцлоо. Талууд энэ удаагийн уулзалт үр дүнтэй болсныг цохон тэмдэглэж, Монгол улсын засгийн газрын 2024-2028 оны хөтөлбөрт туссан мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, туршлага солилцох чиглэлээр тохиролцжээ.

May be an image of 5 people and the Oval Office

Түүнчлэн уулзалтын үеэр хоёр тал Монгол, Британийн иргэд хоорондын харилцаа бэхжиж, ялангуяа Чевенинг тэтгэлэгт хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо идэвхтэй өргөжиж байгааг онцолж байлаа. Түүнчлэн Монгол Улс дахь англи хэлний сургалтыг Британийн тал үргэлжлүүлэн дэмжихээ  илэрхийлж, англи хэлний сургалтад хамрагдах бололцоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллахаар талууд тохирлоо. Мөн Монгол Улсын эрдэс баялгийг байгалийн өвөрмөц тогтоц, өвийг хөндөхгүйгээр олборлох нь чухал гэдэгтэй санал нэгдэж,  уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгмийн хариуцлага болон засаглалын өндөр стандартыг нэвтрүүлэх талаар ярилцлаа.  Монгол Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтад эдийн засаг хөгжлийн яам, боловсролын яам, эрчим хүчний яамны төлөөлөл оролцож, салбарын асуудлаа танилцуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах