Цэс Close

Монгол мах Кувейтэд худалдаалагдаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын экспортыг дэмжих бодлого, Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам 2022 оны долдугаар сараас эхлэн Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр ажилласны дүнд Монголоос Кувейт Улс руу хонины сэврээсэн махны анхны ачилт 2024 оны аравдугаар сарын 16-ны өдөр хийгдэж, Эль-Кувейт хот дахь “Carrefour”, “Monoprix” зэрэг томоохон сүлжээ хүнсний дэлгүүрүүдэд Монгол мах худалдаалагдаж эхэллээ.

Монгол Улсын хувьд өмнө нь арабын бусад улс орнууд руу зөвхөн хөлдөөсөн мах экспортолдог байсан бол ийнхүү нарийн технологиор бэлтгэж, сэврээсэн хонины мах анх удаа экспортлогдож, Кувейтийн хэрэглэгчдэд хүрээд байна.

Кувейтийн мах импортлогч аж ахуйн нэгжүүд эрэлт өндөр байгаа тул цаашид долоо хоног тутам 30-100 тонн хүртэлх хонины сэврээсэн махыг Монголоос импортлох төлөвлөгөөтэй байгааг мэдээлж, халал мах экспортлох боломжтой Монголын хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд байна.

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс цаашид Ойрхи Дорнодын бусад орнууд руу Халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, мөн Монгол Улсаас Булангийн орнууд руу бусад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах