Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээ
Сөүлийн гудамжнаас Нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүллээ.
Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд хэлэлцсэний дагуу Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар энэхүү шийдвэрийг гаргалаа. Шийдвэрийн дагуу НИТХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дэмжив. Талийгаачийн ар гэртэй зөвшилцөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өвлийн ордны баруун талын гудамжийг сонгосон. Тэгэхээр өөрийнх нь зорчдог байсан гудамж гэж ойлгож болно.
Засгийн газрын гудамж, зам талбай, эд хөрөнгийг хаягжуулах тухай тогтоол бий. Энэ тогтоолд ажиллаж, хөдөлмөрлөх үедээ Монгол Улсын хөгжилд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн нэрээр гудамж нэрлэх асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байдаг” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх