Цэс Close

Монгол Улсын геологийн салбарын өнөөгийн байдал

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан үндэслэл болон газрын хэвлийн тухай хуулийн дагуу газрын хэвлийг чухал ач холбогдолтой гэж үзэн төрийн нэгдсэн бодлого, хамгаалалтад авах хэрэгтэй.

Газрын хэвлийн төрийн нэгдсэн бодлого, судалгааг геологи буюу газар дэлхий судлалын салбар голлон хэрэгжүүлэх нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Геологи нь аж үйлдвэрийн салбараас түрүүлж хөгжих нь тогтвортой хөгжлийн үндэс. Тухайлбал, геологийн судалгаагаа түрүүлж хийгээд нөөц баялгаа зөв тогтоон өсгөвөл зээлжих зэрэглэлийг тогтмол дээшлүүлнэ гэсэн бодлогын нэг гол зорилт биелэгдэх нөхцөл бүрдэнэ. Монгол Улс нэгэнт зах зээлийн эдийн засагт шилжиж, тогтвортой хөгжлийн замыг сонгосон тул геологийн иж бүрэн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлын төсөв, зардлыг олон улсын жишигт хүргэх нь эдийн засгийн олон зорилтуудыг хангах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх хөшүүрэг болох юм. Монгол орны газар нутаг Дэлхий хэмээх гарагийн олон нууцыг тайлах зангилаа болох геологийн гайхамшигт тогтоц, эрдэс баялагтай учир олон мянган геологчид, ард түмэн Монголчууд бид өөрсдийн давуу тал болох газар нутаг, нүүдэлчин соёл дээр тулгуурлан газар дэлхийгээ системтэйгээр танин мэдэн, судалж, сайхан амьдрал, тогтвортой хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэх цаг нэгэнт болжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед “Геологи бол аж үйлдвэрийн пионер” юм гэсэн уриан дор төр засгаас геологийн салбарыг онцгой анхаарч, хөрөнгө оруулалтыг дорвитой хийж байсан нь хоосон өнгөрөөгүйгээр үл барам өнөөгийн эдийн засгийг авч явах үүц, суурийг бий болгож чадсан юм. 1957 оноос 1990 он хүртэл геологийн жилийн төсөв тухайн үеийн ханшаар 120 сая төгрөгт хүрч маш эрчимтэй хөгжжээ. Харин зах зээлд шилжсэнээр энэ салбар хувьчлагдан задарч, улсын төсөвгүй шахам болсон бөгөөд 2005 оноос өнөөг хүртэл 1 тэрбумаас 27 тэрбум төгрөгийн жилийн төсөвтэй болж ихээхэн ахицтай буюу өсөх хандлагатай байгаа бөгөөд харин өмнөх хөрөнгө оруулалттай харьцуулахад бага хэвээр байна.  Ашигт малтмалын тухай хууль 1997 оноос хэрэгжиж эхэлснээс хойш хайгуулын ажлын хөрөнгө оруулалт тогтмол өсч 2007 онд оргил цэгтээ хүрсэн бөгөөд түүнээс хойш уруудах хандлагад орж, 2013- 2015 онд огцом уналтанд орж, 2016 оноос аажмаар буурсан хэвээр байна. Энэхүү уналт, бууралт нь нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотой бөгөөд харин Монгол орны геологийн тогтоц, түүний мэдээлэл буюу геологичдын хийсэн болон хийж буй ажлууд хөрөнгө оруулалтын сонирхол татсан хэвээр байгаа юм.

Дээрхи уналтын бодит шалтгаанууд гэвэл дотоодын хууль эрх зүйн орчны огцом таагүй өөрчлөлтүүд, тухайлбал: тусгай зөвшөөрөл олголтыг зогсоох, “Урт нэртэй хууль”, Хөрөнгө оруулалтын хууль гэх мэт, мөн уул уурхай хэт давамгайлах үзэгдэл, түүнийг эсэргүүцэх нийгмийн хандлага гарах болсон. Мөн гадаад талдаа ашигт малтмалын үнэ огцом унах зэрэг шалтгаанууд нь голдуу ашигт малтмал, газрын тос, уул уурхайн салбар болон эрчим хүч, барилга, байгаль орчин, соёл гэсэн бусад салбаруудын бодлогын дагавар, хавсарга байдлаар оршиж, газрын хэвлийг салбар бүр өөр өөрийн хэрэгцээнд таслан хувааж хариуцан, ашигласан байдалтай буюу газрын хэвлийг нэгтгэн холбосон бодлогогүй байгааг анхаарах хэрэгтэй. Геологийн салбар нь үндсэндээ зохицуулсан гол хуульгүй байна гэж хэлж болохоор байна. Учир нь Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг хуулиуд нь тухайн ашигт малтмалын төрөл бүрээр тусгай зөвшөөрөл, гэрээний асуудлыг зохицуулсан. Харин Газрын хэвлийн тухай хууль нь уг салбарын үндсэн, суурь хууль байх боломжтой боловч 1988 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй, бараг хэрэглэгддэггүй, орхигдсон хууль болсон. Газрын хэвлийн тухай хууль нь 1992 оны шинэ Үндсэн хуулиас ч өмнө батлагдсан тул шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай болжээ. Ашиг малтмалын тухай хуулийн 8.1.1, 9.1.2, 10.1.1 дэх хэсгүүдэд геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, тодорхойлох, хэрэгжүүлэх, биелэлтийг хангах гэж заасан нь геологийн салбарын бодлогыг тодорхойлох хуулийн үндэслэл болно. Монгол Улсын геологийн салбар зөвхөн эрдэс баялаг, ашигт малтмалын төрлүүдээр буюу уул уурхайг дагнасан чиглэлд он удаан жил явж ирсэн нь өөрийн хөгжлийн тэнцвэрийг алдагдуулж, бусад нөөц боломжуудаа гээж, бүр мартаж, тэдгээрээсээ таслагдаж ирсэн байна. Энэ нь хөгжлийн гажуудлыг үүсгэжээ. Уул уурхайн салбар хөгжсөн ч геологийн асуудал хойгуур тавигдаж ирсэн бөгөөд харин уул уурхайн салбар унахад хамгийн түрүүнд геологийн салбар ажил, орлогогүй болж, ажилгүйдэл нэмэгдсэн байна. Холбогдох бусад салбаруудын бодлогод геологийн асуудал мэр сэр тусгагдсан нь тааралдах боловч геологийн салбар өөрөө бие даасан чадваргүй байх тул тэрхүү бодлогын чухал үзэл баримтлал, заалтууд төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа нь харагдаж байна.

Монгол Улсын газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт гэж байгаа шиг газрын хэвлий, геологийн салбарын нэгдсэн бодлого, харилцаа, төлөвлөлт, хэрэгжилт хэрэгтэй байна. Геологийн салбарыг Ашигт малтмалын хуулинд дагалдуулан хавсаргахаас гадна улсын төсвийн зарцуулалтын тухай хуулиудад тусгах хэрэгтэй юм.

Газрын хэвлийн буюу геологийн нэгдсэн бодлоготой болсноор зохистой харилцаа үүсэх, хөрөнгө оруулалт, ажлын байр, нөөц баялаг өсөн нэмэгдэх, салбарын ажилтан, судлаач, оюутнуудын тоо өсөх зэрэг олон ач холбогдол, дам нөлөөтэй бөгөөд цаашлаад эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах чухал суурь, хөшүүрэг болох юм.

МГХНЗ-ийн ММЗ-ийн дарга МГХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Золотон ХХК-ийн захирал, М.Тодбилэг.

Эх сурвалж: Эрдэс Баялгийн Тойм

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах