Цэс Close

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг сургана

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг сургана
Манай улсад төдийгүй дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтөөс болж ган, зуд, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг ослын давтамж сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, хохирол учруулсаар байна.
НҮБ-аас гаргасан судалгаагаар Монгол Улс үерийн гамшгаас болж жилд дунджаар 24 сая ам.долларын хохирол амсаж, 92 иргэн амиа алддаг байна. 2023 оны үерт зөвхөн Улаанбаатар хотод 2000 гаруй иргэн өртсөн гэсэн судалгаа гарчээ. Иймд Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Улаанбаатар хотын 9 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд Нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй албадын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх юм. Өнөөдөр тус төслийн нээлтийн арга хэмжээ НҮБ-ын байранд боллоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Япон Улсын Элчин сайд Игавахара Масару, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгч Еваристэ Коуасси Комлан болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн 40 жил тохиогоогүй төмөр буюу шилэн зудыг бид энэ өвөл даван туулсан ч өдгөө хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хот төлөвлөлтийг сайжруулах, үерийн далан, хамгаалалтын байгууламжуудыг засч шинэчлэх, нэмж байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хэдий тийм боловч нийслэл хот орчимд шар усны үерээс улбаатай байгаль орчин, хөрсний бохирдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэлээс сэргийлэх асуудал хурцаар тавигдсаар байна. Яг энэ үед уг төсөлийг хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил гэдгийг онцлон тэмдэглэе. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хөрөнгө оруулсан 1 ам.доллар нь гамшгийн дараах хор хохирлыг арилгахад зарцуулах 15 ам.доллартай тэнцдэг гэдэг. Гамшгаас сэргийлэх, хор хохирлыг бууруулах үйл ажиллагаанд олон улсын арга туршлага, чанар, стандартыг нэвтрүүлэх нь хамгийн чухал.
Япон чанар хийгээд гамшгийн эрсдэлийн чиглэлээрх шинжлэх ухаан, бодит үр дүнгээр баталгаажсан мэдлэг мэдээлэл, НҮБ-ын Хүүхдийн Сангийн энэ талын арвин туршлага, хүч чармайлтаар Улаанбаатар хотын ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт сайжирч, бусад аймаг, хотуудад үлгэр дуурайлал болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.
“Улаанбаатар хотын 9 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд Нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй албадын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр нийслэл дэх үерийн гамшигт өртөж болзошгүй бүсүүдэд оршин суугаа айл өрх, хүн ам, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болох нийгмийн чухал ач холбогдолтой.
Үүний хүрээнд гамшгаас авран хамгаалах албадын техник тоног төхөөрөмж, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд ОБЕГ-т өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насосуудыг нийлүүлж, үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барихын зэрэгцээ иргэд олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах чигэлээр эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг сургаж дадлагажуулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах