Цэс Close

Монгол Улсын итгэмжлэлийн чадавхыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрчээ

Аливаа улс орнууд итгэмжлэлээр дамжуулж хил дамнасан худалдаа, экспорт, импортоо ямар ч саадгүй зохицуулдаг. Харамсалтай нь манай улс өнгөрсөн хугацаанд итгэмжлэлийн байгууллагаа хайхардаггүй, үүнд чиглэсэн төрийн бодлого сул байснаас  итгэмжлэлийн салбар олон улсын түвшинд хүрч, чадамжаа үнэлүүлж, бүрэн хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй байжээ. Тэгвэл Ази Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагаас дөрвөн жилд нэг удаа хийдэг ижил түвшний үнэлгээнд манай улс хамрагдаж, өөрийн итгэмжлэлийг олон улсад хүлээн зөвшөөрүүлжээ.

Ази Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC) дөрвөн жилд нэг удаа улс орнуудын Итгэмжлэлийн тогтолцоо, байгууллагын чадавх, үйл ажиллагаанд ижил түвшний үнэлгээ хийдэг юм байна. Дээрх байгууллагаас энэ оны тавдугаар сард манай улсын Итгэмжлэлийн байгууллагад ижил түвшний үнэлгээг хийжээ. Үнэлгээний ажлын хэсэгт Австрали, Шинэ Зеланд, БНХАУ, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнуудын Итгэмжлэлийн байгууллагын төлөөлөл оролцжээ. Ажлын хэсгийн үнэлгээний дүнг APAC-ийн Удирдах зөвлөл арваннэгдүгээр сарын 22-ний өдрийн хурлаар эцэслэн хэлэлцэж дэмжлээ. Хуралд нийт 61 улс оролцсоноос 55 нь буюу 90 хувийн саналаар манай улсын итгэмжлэлийн үнэлгээ дэмжигдсэн байна.

Итгэмжлэл гэдэг нь тухайн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхэд эрсдэлгүй гэдгийн баталгаа болдгоос гадна аливаа худалдааны саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, тухайн бараа бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой юм байна.

Олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэж, чадамжаа хүлээн зөвшөөрүүлсэнээр Итгэмжлэгдсэн сорилт, хэмжил зүйн лаборатори, техникийн хяналт болон баталгаажуулалтын байгууллагын үр дүнг дэлхийн 140 гаруй улс хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад дахин сорилт шинжилгээ хийхгүйгээр шууд хүлээн зөвшөөрдөг болохыг албаныхан хэллээ. Ингэснээр бизнес эрхлэгчдэд хөрөнгө санхүүгийн болон цаг хугацааны хувьд маш том хэмнэлт гарах юм.

Шадар сайд С.Амарсайхан Үндэсний Итгэмжлэлийн байгууллагад энэ онд багтааж Монгол Улсын итгэмжлэлийн хамрах хүрээг гураваас доошгүй чиглэлээр өргөжүүлэх, ирэх онд таваас доошгүй чиглэлээр хүрээгээ өргөтгөн Олон улсын итгэмжлэлийн байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэхийг үүрэг болголоо.  Мөн олон улсад өргөн хэрэглэгдэж байгаа ногоон стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр онцгойлон ажиллах шаардлагатайг онцлоод Монгол Улсын Шадар сайдын хувьд хил дамнасан худалдаа, үйлчилгээний асуудалд цаашид ч онцгойлон анхаарч ажиллана хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах