Цэс Close

Монгол Улс авлигын индексээр таван байр ухарч 121 дүгээр байрт жагсжээ

“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс 2023”-ын үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Манай улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 121 дүгээрт жагслаа. Энэ нь өмнөх жилээс таван байраар ухарсан үзүүлэлт юм. Авлигын төсөөллийн индексийг долоон эх сурвалжаар авч үзэж, манай улс 33 оноо авчээ.

“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал ярихдаа “Монгол Улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази, номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа. Бүс нутгийн хувьд нийт иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-иас доош оноотой ус орнуудын авлигын оноо нь бага гэж үзнэ.

Зүүн Европ буюу хуучнаар Зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа. Хойд болон Өмнөд Америкийн  нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна. 33 оноо гэдэг нь эдийн засаг, улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон. Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65 байна. Дундаас дээгүүр орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индекс нь 40 оноотой байдаг. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг” гэв.

Авлигын индексийг хэмжихдээ улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль, эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах