МУИС ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ
Монгол Улс коронавирусийн халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 2-ны Даваа гараг хүртэл зогсоож хичээл, сургалтын үйл ажиллагааг зайн хэлбэрээр, цахимаар явуулах шийдвэр гарсан.
Уг шийдвэрийн дагуу МУИС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагаа зайн, цахим хэлбэрт шилжжээ. Өөрөөр хэлбэл МУИС-ийн багш, оюутнууд сургалтын үйл ажиллагаагаа цахимаар явуулж, сургуулийн орчинд ирэхгүйгээр хичээл тогтмол үргэлжилж байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд шинэ коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэж, дэгдэлт хурдацтай тархаж буйтай холбогдуулан МУИС-ийн Захиргаанаас тус сургуулийн нийт ажилтнуудад гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл тодорхой хугацаагаар цалинтай чөлөө олгох зохицуулалт хийжээ. Ингэснээр МУИС-ийн ажилтнууд томуу, томуу төст өвчин, шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах боломжтой болж байна.
Энэ хугацаанд МУИС-ийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх бөгөөд ажилтнуудыг заавал сургуулийн орчинд ажиллуулах бус цахимаар, утсаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах талаар зохицуулалт хийсэн аж.
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх