МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн нөхөн сонгуульд 51 хувиас дээш санал авсан хүн байхгүй учраас өндөр санал авсан 2 нэр дэвшигчийн дунд дахин санал хураахаар болжээ
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал үргэлжилж байна. Энэ хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох бөгөөд 17.30 цагийн байдлаар санал хураалт эхэлсэн бөгөөд 18.00 цагт санал хураалт дуусч саналын хуудсыг тоолох процесс үргэлжилсэн юм.
Улмаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн санал хураалтын дүнгээр Л.Төр-Од 27.2 хувь, Ц.Баатарсайхан 37.3 хувь буюу гишүүдийн хамгийн олон санал авсан бөгөөд танхимын дүрэмд хуралдаанд оролцогчдын 50+1 хувийн саналаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг сонгохоор заасан тул хамгийн олон санал авсан дээрх хоёр нэр дэвшигч дээр дахин нууц санал хураалт явуулахаар болжээ.
Ээлжит бус хурлаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн нууц санал хураалтаар сонгогдох юм. Хуралд тус танхимын гишүүнчлэлтэй, гишүүнчлэлийн татварын өргүй 1395 ААН-ийн төлөөлөл хуралд орох эрхтэй бөгөөд 50+1-ээр ирц хүчин төгөлдөр болжээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид:
- Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул, эдийн засагч Б.Лакшми
- "Таван Богд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан
- "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од
- "Урбанек" ХХК-ийн захирал Б.Лхагважав нэр дэвшин өрсөлдөж байна.
Харин МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн мөн нэрээ дэвшүүлсэн боловч түүнийг Нийслэлийн Прокурорын газраас яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Сэтгэгдэл үлдээх