Мөсөн тив рүү хийсэн Монгол нүүдэл
Дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйл нь хязгааргүй их мөс цасаар хучигдсан, танигдаагүй, эзэмшилгүй, мөнхийн цэвдэг хүйтэн, асар хүчтэй салхи шуурга болж байдаг, хүн хүрч нэвтэршгүй ертөнц байлаа. Антарктидын мөсөн тэнгисүүд байнгын шилжилт хөдөлгөөнд оршдог, дундаж зузаан нь хоёроос гурван мянган метр, мөсөн гадаргуу нь жил бүхэн зуааран нэмэгдэж байдаг аж. Антарктидын эртний мөсний нас нь хүн төрөлхтний үүсэл хөгжлөөс урт настай гэнэ. Манай дэлхийн хүйтний туйл болсон энэ гайхамшигт хязгаарын мөсөн цөл дэх ус нь нарны туяаг шингээн авдаг бөгөөд мөсөн давхраа нь нарны туяаны ерэн хувийг буцаан ойлгодог юм байна. Антарктид дахь “Айсберг” буюу мөсөн уулс бол манай дэлхийн байгаль эхийн суу гайхамшигт бүтээл аж. Айсбергийн орой усны төвшинээс гучин метр хүртэл цухуйх бөгөөд хоёр зуун метр хүртэл хэсэг нь далайд хөвж явдаг гэнэ. Манай уран зохиолд үүнийг “мөсөн уулын онол” хэмээн чинадад үл танигдах нууцлаг, хэсэг нь оршдог тухайд адилтган үздэг юм. Антарктидад жилд арван мянга хүртэл тооны том мөсөн уул – Айсберг үүсдэг бөгөөд мөсөн уул үүсэх ер бусын дүр зураг, дуу аялгуу, байгалийн хувиралын гайхамшигийг нүдээр үзсэн хүн л мэдэхээс, төсөөлшгүй агуу гайхалтай үзэгдэл гэнэ ээ. Мөсөн уулын мөргөлдөх, хагарах дуу авиа бол ер бусын эгшиг аялгуутай байдаг гэж ярьдаг. Мэдээж эдгээрийг мөсөн тивд очсон хүн л үзэж сонсоно. Нэгэн бодлын гайхамшигтай хувь заяа. Нөгөө бодлын эрсдэлтэй, эр зориг шалгасан харгуй.
Мөсөн тивийн хамгийн том уулс болох Транс- Антарктидын нуруу нь 5000 метр хүртэл өндөр оргилуудтай байхад энэ тивийн нутгийн дал орчим хувь нь далайн төвшинөөс доогуур оршдог аж.
Хэдэн жилийн өмнө Монголын Антарктид судлаач нэрт эрдэмтэн, доктор, профессор Л.Дүгэржавын бичсэн Антарктидын гайхамшигийн тухай бүтээлийг толгой өндийхгүй уншиж дуусгаад санаанд оромгүй гайхамшиг дунд хэд хэдэн удаа очиж, монгол төрийнхөө далбааг мандуулж, Антарктидыг энх тайван, шинжлэх ухааны тив болгоход монгол эрдэмтэдийн оруулж байгаа гавъяат үйлсийн тухай маш олон зүйлийг мэдэж авсан билээ.
Өвлийн тэсгим хүйтнээс, зуны аагим халуун эрс тэс уур амьсгалтай төв Азийн тэгш өндөрлөгт төрж өссөн Монгол хүний дасан зохицох чадавх, эр зориг, бие бялдарын тэсвэр хатуужил, сэтгэлийн хат, уян хатан чанарыг жинхэнэ сорьсон талбар бол Антарктид мөн бөгөөд манай судлаачид тэнд Монгол хүний чадварыг олонтаа нотолсон ажээ.
Антарктидад анх хөл тавьсан хүн бол Ж.Цэрэндэлэг (1972) бөгөөд Д.Чулуунбат (1982), А.Батболд (2002), Л.Дүгэржав (2008-2019), Д.Ганбаатар (2013), Х.Пүрэвдагва (2014) нар олон улсын судалгааны багийн бүрэлдэхүүнд орж Антарктидад Монгол Улсын төрийн далбааг мандуулжээ.
Миний бие Ж.Цэрэндэлэгийн “Мөсөн тивд хийсэн тэмдэглэл” хэмээх номыг ихэд шимтэн уншиж байснаа тод санадаг юм. Антарктидын тухай миний анхны төсөөллийг энэ ном бэлэглэсэн билээ.
Монгол Улсаас Антарктид тивд ажилласан дөрөв дэх хүн Л.Дүгэржав юм. Түүнээс Антарктид тивийн ер бусын байгалийн үзэгдэл хийгээд тэндэх амьдралын тухай хүмүүсийн танин мэдэж амжаагүй байгаа шинэ содон мэдлэг мэдээллийг мөсөн тивд ажиллагсадын судалгааны ер бусын адал сониныг шимтэн сонсч байсан билээ.
Доктор, профессор Л.Дүгэржав бол анх удаа өмнөд туйлын “ОО” цэг буюу S900–т хүрч Улсынхаа далбааг мандуулсан анхны монгол хүн юм. Антарктидад Монгол улсын судалгааны бааз байгуулах талаар цуцалтгүй ажилласан хүн бол нүүдэлчин язгууртай Монгол эрдэмтэн Л.Дүгэржав юм. Тэрбээр судалгааны баазынхаа газрыг Антарктидын Ливингстоны аралд сонгож Монгол улсын төвийг “Чингис хааны нэрэмжит Антарктид судлалын бааз” хэмээн нэрлэжээ. Үүний тулд Монгол Улс Олон улсын Антарктидын гэрээнд нэгдэн орсон нь томоохон амжилт билээ.
Л.Дүгэржавийн Антарктид тивд ажилласан таван удаагийн аялалын өдрийн тэмдэглэлийг уншихад маш сонирхолтой. Мөсөн тивийн өдөр бүхэн ямар эрсдэл, шинэ үзэгдэл, эр зориг, тэсвэр хатуужил, хүсэл мөрөөдөл дагуулдаг тухай түүний өдрийн тэмдэглэлүүд оюун санааны ертөнцийг өөрийн эрхгүй хөтлөн Антарктид рүү дагуулан нүүдэллэнэ.. Өдрийн тэмдэглэлийн нэгэн хуудсыг сөхвөөс, Л.Дүгэржав Антарктид тивд анхны (аяны) монгол гэр аваачиж барьжээ. Монгол гэрийнхээ хойморт монгол судлаач үндэсний хувцасаа өмсөн олон орны үйлс нэгтэнүүдээ урьж, монгол хоолоо хийж, монгол нанчидаасаа задалж нөхдөө дайлсан тухай бичсэн байна. Өчнөөн их зардал чирэгдэл болж аваачсан тэр монгол гэр бол манай эрдэмтний мөрөөдөл дотроо хэдийнээ бүтээсэн “Монгол бааз”-ын анхны суурь нь ажээ. Ер нь бол цаад утгаараа монгол хүн гэрээ ачаалаад морин хуур уртын дуугаа тээгээд, үндэсний хувцасаа өмсөж, идээ будаагаа аваачаад нүүгээд оччихсон хэрэг ажээ. Энэ бол монгол сэтгэлгээ, Монгол бэлгэдэл. Монгол хүний холч ухаан. Тэмүүлэл. Авъяас чадвар. “Уяхан Замбуутивийн наран” дууг Норовбанзад их дуучны аялгуугаар эгшиглүүлж, “Монголын нууц товчоо”-гоо тэнд залсан байна.
Антарктид бол эр зоригтны л хөл тавих, амьдрах чадвар шалгасан эрсдэлтэй ертөнц ажээ. Нэгэн удаа завь нь хөмөрч тавуулаа далайн усанд унажээ. Азаар эсэн мэнд эрэгт гарч, бөөн цас мөс болсон монгол судлаач бээр үндэснийхээ арвай буудайн исгэлэн нанчидаар хүйтнийг уясгаж, нөхөд нь амьд гарсны баярыг тэмдэглэн дуран авайгаа толилуулахад манай судлаач “Миний нутгийн бараа” хэмээх дууг цогтойёо дуулж байсан тухай яриаг би хаа нэгтэй сонсож байсан билээ. Иймэрхүү адал сонин явдлаар Антарктидын нүүдэл дүүрэн ажээ.
Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийг танин мэдэх, хойч үеийнхийхээ тусын тулд ашиглахад Антарктид тив өнөөдөр ер бусын гайхамшиг, тайлагдашгүй, мөрөөдлийн ертөнц хэвээр байна. Дэлхий дээрх хамгийн хүйтэн, хамгийн их салхитай, хамгийн амьдралгүй, хамгийн эрсдэлтэй, хамгийн өндөрт оршдог, газар шороогүй цас мөсөн орон болох Антарктид рүү Монголчуудын хийж буй аян нүүдлийн жингийн “даамал” эрдэмтэн судлаач, элчин сайд Л.Дүгэржавын удаа дараагийн аялал нь ялан дийлэхүйн шинэ урам зориг дууриалыг үзүүлж байна.
Антарктид тивийн Ливингстоны арал. Энэ арал Антарктид тивийн зүүн тал өмнөд Шетландын арлуудын нэг нь бөгөөд уг аралд Испани болон Болгар улсын Антарктид судлалын баазууд ажилладаг аж. Антарктидад ажиллах зардал мэдээж өндөр. Тэр их зардлыг хаанаас гаргадаг вэ? гэх асуулт гарна. Л Дүгэржав энэ тухай " А.Батболд бид хоёрын дөрвөн удаагийн экспедицийн 140000 орчим америк долларын зардлыг Болгарын Антарктидад судлалын төсөвт шингээж гаргасан бөгөөд бид зөвхөн замын зардал 10000 еврог төлдөг байсан юм" гэж бичсэн нь бий. Болгар Улс манай Антарктидад судлалд их тусалж үнэхээр буяны гар сунгажээ. Нэгэн хугацаанд Л.Дүгэржав Болгар Улсад Элчин сайдаар ажилласан нь манай төрийн зөв бодлогын нэг байжээ. Түүний Элчин сайд байх үед 2015.05.31- нд Антарктидын гэрээнд Монгол Улс албан ёсоор нэгдэн орсныг зарласан юм. Софийн Их сургуулийн Антарктид судлалын тэнхим бол Л.Дүгэржавын эрдэм судалгааны ажлын нэг байр юм байна гэдгийг би тэр сургуулийн эгэл даруухан мөртлөө эгэлгүй эрдмийн танхимд очиж үзэхдээ мэдэж билээ. Удалгүй Монголд ШУТИС- д Антарктида судлалын төвийг байгуулав
Л.Дүгэржав 2015 онд Антарктидад ажиллахдаа Ливингстоны аралд Монгол улсын Антарктид судалгааны баазын суурийг тавьжээ. Өөрийн хөлөг онгоцгүй баггүй, нүцгэн судлаач бааз байгуулах гэдэг бол өнөө цагт үлгэрийнх хэмээн бодмоор. Гэтэл манай хүн шаваа тавьж, гэрээ дугуйлжээ.
Антарктид судлаач Л.Дүгэржав саяхан ээлжит мөсөн тивийн аялалдаа яваад ирэв. Далан тав хоног аялж 60000 км урт замыг туулсан гэнэ. Антарктидад бий болох Монгол улсын судалгааны төвийнхөө барилгын материалыг хүргэхээр Чилийн эрэгт очсон боловч ачааны хөлөг онгоц нь эрсдэлд орж энэ удаа хүргэж амжаагүй гэнэ. Мөсөн тив рүү нүүх нүүдэл амаргүй нь мэдээж. Гэсэн ч явбал хүрнэ, зорьвол бүтнэ гэсэн сайхан үг бий. Бүтээн байгуулах газартаа бэлтгэл ажлаа амжуулж, судалгаагаа тэр үргэлжлүүлжээ.
Бас нэгэн сонин гэвэл, Болгар, Испанийн багийнхантайгаа нийлж монгол заншлаар овоо босгожээ. Хамба лам Д.Нацагдоржийн өгсөн арц санг уугиулж, нуур усандаа лусын авшигтай дүлцэн өргөв. Антарктидын догшин хүчит салхинд 365 хоног мандаж сэмэрсэн тугаа дурсгал болгон хадгалахаар аваад оронд нь аваачсан шинэ тугаа сэлгэн мандуулав.
Монгол улсын газар нутгийн дундуур гарч буй дэлхийн цэвдгийн бүс болон цөлжилтийг судлах нь Антарктид судлалтай шууд холбоотой аж. Улам бүр хомсдож буй хүн төрөлхтний цэвэр усны нөөцийг хангах ирээдүй ч Антарктидтай холбоотой. Тэнд ашигт малтмалын ч их нөөц буй. Аялал жуулчлалын ч ирээдүй бий.
Манай өнөөгийн нийгэмд сонгуулиас сонгуулийн хооронд эрх мэдэл, ашиг сонирхлын дөрөв дөрвөн жилийн уралдаан л болж байгаа дүр зураг харагдана . Харин Монголын Антарктид судлаачид их холын нүүдэл хийж байна.
Манай дэлхийн хуурай газрын 10 хувь, цэвэр усны нөөцийн 80 хувь байгаа Антарктид тивд эзэмшил газартай болж Монгол Улсын төрийн далбаа мандсанаар мөсөн тивийн нөөцийг хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөө ашиглахад монголчуудын оролцоо бий болж буй хэрэг билээ. Монголынхоо тэмээний ноосон хөнжил, ямааны ноолууран бүтээгдэхүүнийг Антарктидын цас мөсөн дунд ямар таатайг бас сориод үзсэн гэж байна.
Л.Дүгэржав мөсөн тивд ажиллах томилолтынхоо хугацаанд Антарктидийн хойгийн өмнөдийн 640 55’26, баруун 620 02’21” солбицол дээр уулын оргилыг шинээр нээсэн юм байна. Dugerjav Peak, Oscar II Coastm Graham, Antartic Peninsula. Scar Ref №19186 гэсэн батламжаар уг оргилыг “ДҮГЭРЖАВ ОРГИЛ” хэмээн нэрлэж монгол хүний мөрийг тамгалжээ.
Мөсөн тив рүү хийсэн Монгол нүүдэл үргэлжилсээр авай.
2020.02.07
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх