Цэс Close

Ерөнхий сайд шинжлэх ухааны салбарынхантай уулзаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүрийн өглөө аль нэг салбарын төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонсож буй. Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийж байна. Сайд Л.Энх-Амгалан салбарынхаа талаар товч таницуулга хийсний дараа Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого" илтгэл танилцуулж, эрдэмтэн, судлаачдын санал, бодлыг сонсож байна.

Эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, хүрээлэнгүүд ТӨК,ТӨҮГ-уудтай гэрээ хийх эрх нээж өгөхийг хүслээ. Тухайлбал, төрийн өмчит уурхайнууд ТЭЗҮ хийлгэх тендер зарладаг. Үүнд оролцох гэхээр Тендерийн хуулиар зааг тогтоочихдог, арилжааны банканд дансгүй зэрэг нөлөөлдөг байна.

Хими, хими технологийн захирал Л.Жаргалсайхан "Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа. Манайх 10 лабораторитай. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь санхүүжилттэй болсон. Энэ маш чухал" гэлээ.

Харин Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн секторын эрхлэгч Т.Атарсайхан "Дарханы замаар явж ирлээ, зам сайхан болжээ. Манай сектор газар тариалангийн үр сортыг 100 хувь өөрсдөө хийж байна. Хүний нөөцийн бодлого алдагдсан. Төр бодлогоор залгамж халаа бэлдмээр байна. Бид улаанбуудайн үрийн 40 хувийг үйлдвэрлэдэг, 100 хувь дотоодоос үр боловсруулахад тоног төхөөрөмж шаардлагатай байгаа" гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах