Нарансэвстэйн боомтын цаадах халхлагдсан үнэн

Алтайн алсын хаяанд, Алаг нуурын говийн заг тооройн дундаас тэмээн сүрэг нь үл ялгаран сүлжинэ. Далайн долгис шиг нам гүмхэн Айлын цагаан толгод усны мандалд тольдон гангарч, тэдгээрийн наад хөндийд хэдэн арван жилийн турш ан амьтад сүрэглэн нүүдэллэж ирсэн сэн. Тэнгэрт шувууд дүүлж, холын хаяа тийш Хөвчийн нуруу сүртэйхэн хөхрөн хана мэт ханарах нь байгаль өөрөө амьсгалж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Тахийн сүрэг тааваар бэлчээрлэн хулан зээр нь сүлжилдсэн энэ сайхан нутгаас эргэн зүглэхүйеэ Ээж хайрханаас хаяалан үргэлжлэх их говийн дархан газрын А хэсэг эхлэнэ. Нүдэн булгуудаар элсээ чимсэн, заг тооройгоор ирмэглэн хаяалсан, захгүй их ч, зартай хайрхадаар эмжээрлэсэн ай сайхан нутаг Алтайн өвөр говь билээ. Эмзэг хөрсөнд нь гишгэхэд ч халгам тийм л ер бусын, ээлтэй их говь минь дэлхийд дахинд давтагдашгүй, онгон дагшин байгаль, ховор амьтад, ховордсон ургамлын өлгий болсон цөлийн экосистемийн үнэт өв болдог.
Мазаалай, хавтгай зэрэг дэлхийд зөвхөн Монголд үлдсэн амьтад энэ нутагт л оршин тогтнож байна. Талын мэлтэсийн булаг, Шар хулстайн баян бүрд, Заг тооройн хэсэг бол зөвхөн амьтдын орогнох газар биш, ирээдүйд судалгаа шинжилгээний дэлхийн төв болох нөөцтэй бүс нутаг билээ.
Гэвч сүүлийн жилүүдэд Алтайн өвөр говьд тоос манарсан зам, шороон шуурга ихсэж угаас говьд ховор усны нөөц улам багасан,ган зудын давтамж нэмэгдэж байгаагаас малын бэлчээр улам хумигдан,эзгүйрсээр байна. Энэ зэлүүд эзгүйрлийг улам дордуулах нэг шийдвэр бол Нарансэвстэйн боомтыг нээх тухай Засгийн газрын тогтоол юм.
2024 онд батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.2.8-д гэнэт, урьд нь огт ярьж байгаагүй “Нарансэвстэйн боомтыг нээх” заалт орж ирсэн нь олон иргэн, судлаачдыг цочроов. Энэ нь өмнө дурдагдаж байгаагүй, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” зэрэг баримт бичгүүдэд ч тусгагдаагүй байв.
Боомтыг өмнө нь 1992–1993 онд түр хугацаанд дөрвөн удаа нээж байжээ. Гэвч ховор амьтад дүрвэж, хулгайн ан ихсэж, экосистемд сөрөг нөлөө үзүүлснээр хаасан байдаг.
Одоо дахин нээх гэж байгаа нь өмнөх алдаагаа давтах нь гэсэн болгоомжлол төрүүлж байна. Байгаль хамгаалагчид, нутгийн иргэд, эрдэмтэд бүгд эсэргүүцэж буй нь ч учиртай.
Нэг боомтын үнэ бүс нутгийн сүйрэл дагуулна
Нарансэвстэйн боомтыг нээхтэй зэрэгцэн Говь-Алтай аймгийн төв хүртэл 640 км хатуу хучилттай автозам тавих төлөвлөгөө багтжээ. Энэ нь онгон байгалиар алдартай, Монголын хамгийн том тусгай хамгаалалттай газар нутгийн А хэсгийг дайрах эрсдэлтэй.
Доктор Г.Ганзоригийн судалгаагаар уг замыг тавих нийт зардал 1.2 их наяд төгрөгт хүрэх бол экосистемд учрах хохирлын өртөг 30 их наядад хүрэх магадлалтай. Байгаль, амьд орчинд ийм хэмжээний эрсдэл үүсгэх хэр нь эдийн засгийн өгөөж нь бага, Бургастайн боомттой харьцуулахад давуу тал үгүй нь тодорхой хэмээн судлаачид онцолж байна.
Экологийн хувьд хамгийн том аюул бол цэвэр усны хомсдол. 1244 булаг шандтай энэ бүс нутгаас хамгийн чухал нь Талын мэлтэсийн булаг бөгөөд энэ орчмоор мазаалай, хавтгай зэрэг амьтад ундаалж, нүүдэллэдэг. Булгийн ойр орчимд ямар ч авто зам, барилга байгууламж баривал эдгээр амьтад устаж болзошгүйг олон улсын болон дотоодын судалгаанууд баталжээ.
Одоогоор мазаалай баавгайн 50 хүрэхгүй тоо толгой бүртгэгдсэн. Тэд зөвхөн Шар хулст, Цагаан бургаст, Талын мэлтэс зэрэг цөөн баянбүрдийн орчимд л амьдардаг. Эдгээр амьтад усгүй бол үхдэг. Зам тавихад булгийн ойр орчимд хүний нөлөө нэмэгдэж, амьтад ундрагагүй болдог нь цаашдын устах шалтгаан болно.
Хавтгай тэмээний хувьд ч мөн адил. Талын мэлтэсийн булгийн бүс нутагт 1994 онд 300 гаруй хавтгай тоологдож байсан бол сүүлийн жилүүдэд тоо толгой эрс цөөрсөн. Говийн хатуу нөхцөлд цөөнгүй зүйл булаг, баянбүрд амьтад, шувуудын идэш тэжээл, ундааны цор ганц эх үүсвэр болж байна.
Доктор Д.Чандманий багийн судалгаагаар Алтайн өвөр говьд 1244 булаг, 62 гол горхи, 75 нуур бүртгэгджээ. Тэдгээрийн нэг болох Талын мэлтэсийн булаг бол мазаалай, хавтгай зэрэг нэн ховор амьтдын усны эх үүсвэр. Гэтэл тус булгаас ердөө 15 км зайд төмөр болон автозам тавихаар төлөвлөж буй нь амьтад оршин тогтнох нөхцлийг үндсээр нь үгүй хийх аюултай гэж эрдэмтэд анхааруулж байна.
Судлаач Б.Мижиддоржийн үзэж буйгаар хилийн боомт нээснээр нүүдлийн зам хаагдаж, хавтгай, аргаль, хар сүүлт, хулан зэрэг олон зүйлийн амьтад тархац нутгаа алдаж, усгүйдэж, үргэж дүрвэх аюултай.
Доктор Ж.Оюунмаагийн судалснаар: Энэ бүс нутагт 442 зүйл ургамал бүртгэгдсэнээс 13 нь зөвхөн энэ газарт ургадаг. Бударгана, хармаг, дэрс, заг, тоорой зэрэг ургамал нь зөвхөн амьтдын хоол биш, элсний нүүдлийг барьж тогтоодог байгалийн хамгаалалтын бүс юм.
Харин эдгээр ургамал сүйдэж, хөрс сийрэгжвэл Монголын шар шороон шуурга улам нэмэгдэж, хөрш орнууд ч байгалийн гамшигт өртөх эрсдэлтэй гэж эрдэмтэд анхааруулж байна.
Эдийн засгийн үр ашиг хаана байна?
Боомт нээх шалтгаан нь эдийн засгийг дэмжих гэгддэг ч судалгаанууд үүнийг үгүйсгэж байна. Бургастайн боомт аль хэдийн ажиллаж байгаа бөгөөд тийш хүрэх зардал хоёр дахин бага. Тиймээс бараа бүтээгдэхүүний урсгал, экспорт, импортын хувьд Нарансэвстэй илүү үр ашигтай байх магадлал тун бага.
Мөн аялал жуулчлал хөгжих нөхцөл ч бүрдэхгүй. Хилээс Цогт сум хүртэл шинээр тавих 452 км замд эзгүй цөл, айл өрх байхгүй, үйлчилгээний газар байхгүй, эзгүй зэлүүд газар тул аялал жуулчлалын нөөц ч ашиглагдахгүй.
Нарансэвстэй боомтын эдийн засгийн үр өгөөж хэтэрхий тодорхой бус. Замын төсөв, зардал ихтэй, орлого олох магадлал бага, аялал жуулчлал хөгжих боломжгүй, хүний суурьшилгүй зэлүүд нутаг. Үүний оронд Говийн их дархан цаазат газрын судалгааны чадавхийг дэлхийн хэмжээнд хөгжүүлж, экотуризм, судалгааны аялал зэргийг дэмжих нь илүү өгөөжтэй гэж судлаачид дүгнэж байна
Иргэдээ сонсож дэлхийд хүлээсэн үүргээ биелүүлье!
Нутгийн малчид боомт байгуулахыг эрс эсэргүүцэж, ИТХ-аараа тогтоол гарган албажуулсан. “Бэлчээргүй, усгүй тоосон дунд, зам тавих нэрийдлээр газар нутгаа сүйтгэхийг бид хүсэхгүй”, “Бид оймсны үнээр амьдралаа үнэлэхгүй. Тоос шороонд амьдарч, төрсөн нутгаа сүйтгэхийг зөвшөөрөхгүй” гэх мэтээр олон малчин байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Мөн нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд хамгаалалтын зэрэг буурч, боомт байгуулагдвал олон улсын конвенцуудын өмнө үүргээ биелүүлээгүйд тооцогдох эрсдэлтэйг сануулж байна. Учир нь энэ газар нутаг нь 1991 онд ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн бөгөөд НҮБ-ын өмнө хүлээсэн амлалтаа зөрчих эрсдэлтэй.
Энэ хэсэгт Монгол Улсын дархан хил, ГИДЦГ-н А хэсгийн хилийн зурвастай давхацдаг. Тиймээс боомтын төслийг хэрэгжүүлэхийн тулд улсын хилийн зурвас дагуу “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-иа зөрчих, эсвэл улсын хилээс дотогш хамгаалалтын зэргийг бууруулах шаардлага гарна. Энэ бол маш эмзэг асуудал юм.
1991 онд ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газраар бүртгэгдсэн Алтайн өвөр говь нь НҮБ болон дэлхий дахинд Монгол Улсын хамгаалах амлалт өгсөн бүс нутаг билээ. Монголын төр эдгээр үүргээ үл тоон, богино хугацааны эдийн засгийн ашиг хөөвөл олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Монголчууд мазаалайгаа дэлхийд ганц гэж бахархдаг. Тэгвэл түүнийг хамгаалахын тулд нэг боомтоос татгалзахад болохгүй гэж үү? Бид өөрсдийн өв соёл, байгаль дэлхий, хойч үедээ үлдээх үнэт зүйлээ ингээд худалдчих уу?
Нэг боомт нээх нэрийн дор дэлхийд ганц үлдсэн мазаалай, хавтгай, тэдний орших онгон газар нутгийг золиослох уу? Богино хугацааны эдийн засгийн ашиг, ахархан бодлогын дор бид мянга мянган жилийн түүхтэй говийн тогтоц, амьд байгалийг үгүй хийх үү гэх мэт олон асуултын хариуг эхлээд олцгооё.
Монгол төр, иргэн хүн бүр бодох цаг иржээ. Байгалийг нэгэнт сүйтгэвэл хаа ч давтагдашгүй говь, мазаалай, хавтгай, заг тооройн баянбүрд хэзээ ч эргэж нөхөн сэргэхгүй. Харин хамгаалж чадвал бидний үр хүүхэд, цаашилбал дэлхий нийтэд үнэлж баршгүй өв үлдэнэ.
Ц.Эрдэнэтуяа
Ч.Дулмаа
Сэтгэгдэл үлдээх