Нийслэлд 4.620 давхар зогсоол байгуулахаар төлөвлөжээ
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/231 тоот захирамжаар Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, автомашины зөв хэрэглээг бий болгох зорилгоор авто зогсоолын нэг стандартыг нэвтрүүлэх, авто зогсоолын нэгдсэн системд шилжүүлж, эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү Ажлын хэсгийн тайланг сонслоо. 2021 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 216.97 га талбайд 72.667 автомашины зогсоол байна. Үүнээс олон нийтийн зогсоол 36.907, орон сууцны гаднах зогсоол 22.450, албан байгууллагын зогсоолуудад 11.297 автомашин зогсох хүчин чадалтай бол олон давхар зогсоолд 1610 автомашин зогсох боломжтой аж. Зөвхөн Бага тойруу орчимд л гэхэд 184 байршилд 4857 автомашины зогсоол тоологдсон байна.
Цаашид авто зогсоолыг ил, давхар, газар доорх зогсоол гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлж, шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзжээ. 2022-2026 онд нийт 13.097 автомашины зогсоолыг шинээр болон дахин төлөвлөхөөр тооцсон. Үүнээс 4719 нь ил зогсоол, 4620 нь давхар зогсоол, 3755 нь газар доорх зогсоол байх юм. Алсдаа нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан дамжин суух зангилаа цэгийн орчимд 700-800 автомашины их багтаамжийн зогсоолууд барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод авто зогсоолын харилцааг найман журам, гурван норм дүрэм, улсын хэмжээнд хэрэгжүүлэх гурван стандарт, хотын хэмжээнд хэрэгжүүлэх нэг стандартын хүрээнд зохицуулж буй. Гэвч эдгээр нь авто зогсоолын харилцааг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй байгаа тул хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй шаардлагатай гэж Ажлын хэсгээс дүгнэсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаа, хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан авто зогсоолын асуудлыг боловсронгуй болгож, нэг стандартыг нэвтрүүлж, авто зогсоолын нэгдсэн системд яаравчлан шилжүүлэхийг үүрэг болгов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл үлдээх