Нийтийн тээврээр 1000 төгрөг төлж дөрвөн удаа зорчино
НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа.
Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ. Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг. Иймээс дөрвөн удаагийн зорчилтыг 1000 төгрөг байхаар тооцож, өглөө автобусанд суухдаа картаа уншуулж энэ мөнгөө төлөх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой гэсэн үг.
2014 оноос хойш шатахууны үнэ хоёр дахин өсөж, цалин ч мөн нэмэгдсэн. Түүнчлэн автобусны жолоочийн цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа нь цаашид автобусаар зорчих үнийг нэмэх шаардлагыг бий болгож буйг албаныхан хэлж байлаа.
Төлөөлөгчид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хүрээнд боловсруулсан журам, тогтоолын төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлж, олонхын саналаар дээрх журам, тогтоолын төслүүдийг батлав. Мөн Амьтны хүрээлэн ажиллуулах журам, Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэж баталлаа.
Сэтгэгдэл үлдээх