“Нохой салхилуулсангүй” гэж үглэсэн аав, ээжийгээ боомилж хөнөөжээ
Италийн Больцано хотноо бодибилдингийн тамирчин залуу аав, ээжийгээ хөнөөсөн аймшигт хэргээ хүлээжээ.
Энэ оны эхээр Питер Ноймар болон Лаура Перселли нар сураггүй алга болсон тул эрэн сурвалжилж эхэлсэн байна. Хэдэн долоо хоногийн дараагаар тэдний цогцсыг голын эрэг дээрээс олоход боомилж хөнөөснийг нь тогтоожээ. Мөн гүүрэн дээр Питер Ноймарын цусны толбо байгааг илрүүлсэн байна.
Ингээд цагдаа нар тэдний хүү, бодибилдингийн тамирчин Бенно Ноймарыг сэжиглэн баривчилжээ. Сар гаруйн хугацаанд Бенно Ноймар мэлзсэн ч гуравдугаар сарын эхээр хэргээ хүлээсэн байна.
Эцэг эхээ яагаад хөнөөх болсныг тодруулж асуухад “Өглөө аав намайг нохойгоо салхилуулаарай гэсэн юм. Би үгэнд нь оролгүй, гарч яваад видео тоглоом тоглоод орой ирээд унтчихсан. Унтаад сэртэл аав үргэлжлүүлэн үглээд байсан юм. Тэгэхээр нь би гарт тааралдсан хуванцар уягаар хоолойг нь боож, хамтдаа газар унаж тэмцэлдсэн. Их чанга татаж байснаа л санаж байна.
Харин дараа нь ээж гаднаас орж ирэхэд юу ч хэлэлгүй шууд нөгөө уягаар мөн боомилсон. Тэгэхэд би зүгээр л тайван чимээгүй байхыг хүссэн юм” хэмээн Бенно Ноймар мэдүүлжээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх